Х.Цагаанбаатар “Оюутолгой”-н элчээр сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар “Оюутолгой”-н элчээр сонгогдлоо

Будант Албионы нийслэл Лондон хотноо хүн төрөлхтний агуу баяр наадам зуны олимпийн наадам эхлэхэд 353 хоног үлдээд байна. Олимпийн цикль хэдийнэ дундарч, төгсгөл шатандаа орсон энэ үед талын Монголын тамирчид маань эх орныхоо газар шорооноос гарсан алт, зэс тэргүүтнээр урласан олимпийн медалийг энгэртээ гялалзуулахын төлөө дор бүрнээ бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж буй.  Лондонгийн тэнгэрт Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх, товчхондоо бол монгол түмний олимпийн найдваруудын нэг нь Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Афины олимпийн хүрэл медальт, 2009 оны дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин Х.Цагаанбаатар.

Олимпийн наадмын өлгий нутаг Грекийн Афин хотноо болсон 2004 оны олимпиос Монголын тамирчид ганц медальтай нутагтаа ирж байсан. Тухайн үед Х.Цагаанбаатар жүдо бөхийн 60 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан. Хожим нь Бээжингийн олимпод бэртлийн улмаас медалийн тавцанд гарч чадаагүй ч удаахь жил нь дэлхийн аваргад түрүүлж, жүдо бөхийн төрөлд Монголын анхны дэлхийн аварга тамирчин болсон билээ. Тэр цагаас хойш оролцсон тэмцээн, уралдаан бүрээсээ медаль хүртэж, өдгөө жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд дэлхийн чансааг ноёлж буй тэрбээр Лондонгийн олимпийг чин зорилгоо болгоод буй.

Тэгвэл, Лондонгийн татамид өндөр амжилт гаргах нөхцөл бололцоог бүрдүүлж, 2012 оны зуны олимп хүртэлх бэлтгэл сургуулилтыг бүрэн хариуцаж, ирэх жил элч болгон олимпийн наадамд үдэхээр “Оюутолгой” компани Х.Цагаанбаатартай гэрээ байгуулж, хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал, Х.Цагаанбаатар “Оюутолгой” компанийн элч тамирчин болж байгаа юм. Өнөөдөр “Моннис” цамхгийн 12 давхарт байрлах тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын танхимд тив, дэлхийд нэрээ дуурсгасан Х.Цагаанбаатарыг “Оюутолгой” ХХК-ийн элч тамирчнаар өргөмжлөх, гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон юм. Үүнд тус компанийн ТУЗ-ын дарга З.Батсүх, ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш Ц.Дамдин, Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох, дасгалжуулагч П.Нямлхагва нарын хүмүүс оролцлоо.

Лондонгийн олимпийн наадам монголчуудын хувьд бас нэгэн онцлогтой. Учир нь Лондонд төвтэй “Рио Тинто” олон улсын уул уурхайн групп “Лондон-2012” наадмын түншээр сонгогдсон бөгөөд тэд Монголын Оюутолгой орд газраас олборлосон бүтээгдэхүүнээ ашиглах юм. Тэгснээр Монголын Оюутолгой орд газраас олборлосон зэс, алт тэргүүтнээр хийсэн медаль Лондонгийн олимпийн медальтнуудын энгэрт гялалзах болж байна. Тиймдээ ч “Эх орныхоо газар шорооноос гарсан алт, зэс, есөн эрдэнээр урласан медаль, тэр тусмаа аваргын алтан медалийг Монгол хүн хүртэх ёстой” хэмээн Х.Цагаанбаатар сэтгэл хангалуун хэлнэ лээ. Тэрбээр мөн “Намайг дэмжиж, “Оюутолгой” компанийн элч тамирчнаар сонгосон нь Лондонгийн олимпод эх орныхоо нэрийг дуурсгаж, Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг олимпийн тэнгэрт мандуулах хүсэл эрмэлзлийг минь дүүргэж байна. 2008 оны наймдугаар сарын 9-нд, гурван жилийн өмнөх яг энэ өдөр би хавирга хугарчихсан, Бээжингийн олимпийн татамид барилдах гэж хичээгээд үнэхээр чадаагүй ялагдсан, маш их гомдолтой байсан. Гэтэл яагаад ч юм, яг энэ өдөр намайг 2012 оны олимпийг зорих хүсэл эрмэлзэл дүүрэн болгож байгаад баяртай байна” хэмээсэн юм. Мөн “Оюутолгой” компанийн ТУЗ-ын дарга З.Батсүх Бээжингийн олимпийн наадамд Х.Цагаанбаатар ялагдахыг хараад өөрийн эрхгүй уйлж сууснаа ч дурсав.

Ямартай ч Х.Цагаанбаатарыг жил хүрэхгүй хугацааны дараа эхлэх Лондонгийн олимпийн өмнө бэлтгэл сургуулилтаа санаа зовох зүйлгүй хийж, чин хүсэл зорилгоо биелүүлэхэд бүхий л талаар тусалж дэмжихээр болсонд бүгд баяртай байлаа.

Х.Цагаанбаатарыг “Оюутолгой” ХХК-ийн элч тамирчнаар өргөмжлөх ёслолын арга хэмжээний төгсгөлд түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Лондонгийн олимпийн наадамд “Оюутолгой” компанийн элч тамирчнаар оролцох боллоо. Энэхүү арга хэмжээний хүрээнд та сэтгэгдлээ хуваалцахгүй юү?

-Юуны өмнө нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд “Оюутолгой” компанийн элч тамирчнаар сонгогдсонд сэтгэл өндөр байна.

-Та түрүүн Бээжингийн олимпийн тухай дурсч байсан. Харин одоо Лондонгийн олимп хаяанд ирээд байна. Монголын нутгаас олборлосон тэр олдвор олимпийн алт, мөнгө, хүрэл медалийг чимэглэнэ. Мэдээж тэрхүү медалиар энгэрээ гоёх хүсэл монгол хүн бүрт байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Монгол Улсын маань газар шорооноос олборлож гаргасан алт, зэс, есөн эрдэнийн зүйлс тэр медальд шингэх учраас олимпийн медаль, тэр тусмаа алтан медалийг энгэртээ гялалзуулж, эх орныхоо нэрийг мандуулах чин хүсэл эрмэлзэл дүүрэн байна.

-Бэлтгэл сургуулилт ямар төвшинд байна. Таны хувьд Монголын жүдочдоос хамгийн олон оноо цуглуулаад байгаа, олимпод оролцох болзлоо хэдийнэ хангачихсан гэж болно. Ер нь олимпийн эрх олгох эцсийн шийд хэзээ гарах бол?

-Жүдо бөхийн хувьд олимпийн наадамд оролцох 22 тамирчныг зарлах хугацаа 2012 оны тавдугаар сарын 3-наар дуусгавар болно. Одоогоор бид дэлхийн аваргад оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Наймдугаар сарын 14-нд Францын нийслэл Парис хотыг зорино доо. Энэ жилийн ДАШТ чухал ач холбогдолтой. Ялангуяа Монголын маань тамирчдын хувьд амжилттай оролцож, өндөр оноо авбал олимпийн наадамд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох боломжтой болох юм.

-Өнгөрсөн жил Токиогийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Энэ жил Парисын татами нэлээд өрсөлдөөнтэй байна байх. Бэлтгэл сургуулилт ханасан гэж ойлгож болох уу?

-Бэлтгэл сургуулилт сайн байгаа. ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, Жүдо бөхийн холбоо маань, Биеийн тамир, спортын газар, Засгийн газар гээд олон байгууллага, хамт олон бид бүхнийг, тамирчид биднийг дэмжин, тусалж ажиллаж байгаа учраас бэлтгэл сургуулилтаа сайн базааж, амжилт гаргах нь нэн чухал. Тиймээс ч бэлтгэлээ сайн хийж байгаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж