Цагаан будаа нь цардуул ихтэй тул шатамхай шинж чанартай

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

Цагаан будаа нь цардуул ихтэй тул шатамхай шинж чанартай

Цагаан будаа нь цардуул ихтэй тул шатамхай шинж чанартай

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2017.12.19/ цагаан будаатай холбоотой олон нийтийн сүлжээгээр цацагдсан асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд цагаан будаа импортлогч 36 аж ахуй нэгж байдаг бөгөөд үүнээс 22 аж ахуйн нэгж, иргэн өөрсдөө будаагаа дахин савладаг ажээ. Мэргэжлийн ерөнхий хяналтын газраас ОХУ-аас 39, БНХАУ-аас 18, Вьетнамаас 16, Тайланд, Японоос дөрөв, АНУ-аас нэг, Казахстанаас хоёр компани цагаан будаа импортлох мэдэгдэл хүлээн авчээ. 

Эдгээрээс нийслэл хотын гүний хяналтаар найман терминаль дээр БНХАУ, ОХУ, Вьетнам, Япон, Австрали, АНУ, БНСУ, Тайланд зэрэг найман улсаас цагаан будаа импортолсон байна.


Хуурамч цагаан будааны талаар нэг ч гомдол ирээгүй

нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн

Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн ярихдаа “Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр хуурамч цагаан будаа импортоор орж ирж, худалдаалагдаж байна” гэж цацагдах болсон. Өмнө нь 2014 онд хуурамч цагаан будаа импортоор орж ирж, худалдаалж байна гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Үүний дагуу бид нийслэл хотын худалдааны цэгүүдээс дээж авч, шинжилж үзэхэд хуурамч будаа илрээгүй. Дахин ийм мэдээлэл цацагдсантай холбоотойгоор судалж үзэхэд анх ийм мэдээлэл БНХАУ-ын олон нийтийн сүлжээнд тархаж, худал мэдээлэл гэдэг нь нотлогдож байсан юм билээ. Цагаан будааны 80 хувь нь цардуул байдаг. Хүнсний бүтээгдэхүүн учраас шатамхай чанартай. Бид цардуулаар цавуу ч үйлдвэрлэдэг шүү дээ. Гэтэл үүнийг олон нийтийн сүлжээгээр шатааж үзүүлээд, хуурамч мэдээлэл түгээж, хүмүүсийг айдаст автуулж байна. Энэ мэт хуурамч мэдээлэл нь хүн хүч, цаг зав, лабораторийн шинжилгээний эм, урвалжид маш их зардал чирэгдэл үүсгэж байна.

Цагаан будаа нь цардуул ихтэй учраас шатаахаар  барьцалдана

Ургамал, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Булган

Харин тус газрын Ургамал, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Булган цагаан будааны орц найрлагын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Цагаан будаа нь үр тарианы гаралтай. Химийн найрлагаараа уураг, цардуул, усыг ихээр агуулж байдаг. Цардуул гэхэд 70-80 хувийг эзэлдэг. Цагаан будаа нь цардуул ихтэй хүнсний зориулалттай бүтээгдэхүүн учраас шатаахаар хоорондоо барьцалдана. Цагаан будаа цавуулаг чанартай учраас нийлж, наалдаж шатаад, үнс болно. Үүнийг хүмүүс айдастай хүлээн авч байна. Улаан буудайг шатаахад ч адилхан байх болно. Иргэдийн хувьд цагаан будааг худалдан авахдаа хаяг шошгын нь сайтар харах хэрэгтэй. Хоёрдугаарт, цагаан будааны өнгийг харах шаардлагатай. Цагаан будааны өнгө боловсруулалтаасаа хамаараад янз бүрийн өнгөтэй. Үнэрлэж, гаднах өнгө үзэмж, хаяг шошгыг сайтар харж авахад буруудахгүй” гэв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017 онд цагаан будаа импортолж, худалдаалдаг 21 аж ахуй нэгж, 38 иргэний цагааны будааны гарал үүсэл, чанар аюулгүй байдал, хадгалалт тээвэрлэлтэд шалгалт хийсэн гэнэ.  Шалгалтаар цагаан будааны ур мөрийн бүртгэл хөтлөлгүй, агуулах, савалгааны шаардлага хангаагүй, харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст бүртгэлгүй, гарал үүсэл тодорхойгүй савласан зөрчил илэрчээ. 

Мөн энэ онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 100 дээж, цагаан будаа импортлогч, савлагч 28 аж ахуйн нэгж, долоон иргэний хүсэлтээр 39 дээж, нийт 139 дээжийг мэдрэхүй, чийг, гадны хольц, хортон шавьж, пестицид, хүнд металлын үлдэгдлийг тодорхойлох үзүүлэлтээр шинжлүүлэхэд 12 дээж, 17 үзүүлэлтээр шаардлага хангаагүй байна. Мөн есөн дээж мэдрэхүйн үзүүлэлтээр үнэр, амттай. Хоёр дээж хугацаа дууссан, зургаан дээж хорио цээртэй хортон шавжийн үзүүлэлтээр шаардлага хангаагүй ажээ.

А.Сүрэн 

Гэрэл зургийг Н.Батмөнх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж