УИХ-ын гишүүд халдашгүй дархан эрхтэй. УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт бий. Тэгвэл энэ заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц маргааш /2017.12.20/ хуралдах юм байна. УИХ-ын гишүүний халдашгүй эрх нь аливаа гэмт хэрэг үйлдсэн, түүнийг нь үйлдэл дээр нь баримттайгаар илрүүлээгүй л бол УИХ-ын гишүүн дархан эрхтэй хэвээр байна. Энгийнээр бодоход УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийлээ гэхэд түүнийг баримтжуулах боломж тун ховор.
Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын залуу гишүүн Д.Гантулга хүчингийн гэмт хэрэг хийсэн эсэх асуудал өнөөдрийг хүртэл хуулийн процесс нь үргэлжилж буй. Хэрэв УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчин хийсэн гэж тооцвол түүний хажууд гэрч байхгүй, тодорхой баримт байхгүй бол түүний халдашгүй бүрэн эрхт байдал хэвээр байна гэсэн үг. Д.Гантулга гишүүний хүчин хийсэн эсэх асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж буй. Өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гараагүй байгаа. Гэхдээ Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэрэг хэрхэх вэ.
Ямартай ч Үндсэн хуулийн цэц маргааш хуралдаж, энэ асуудлаар шийдвэр гаргана. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээ УИХ-д хүргүүлнэ.
Ш.ЧИМЭГ