Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2017.12.19-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй

Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Удирдлагын академийн захирал С.Зүльфикартай ярилцлаа.


-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал олон жил яригдаж байна. Харин энэ удаагийн алхам нэлээд өргөн хүрээнд хийгдэж байх шиг. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ? 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал өмнөх өөрчлөлтийн маргаашаас л яригдаж эхэлсэн. Ийм яриа гараад 17 жил болж байна. Энэ хугацаанд нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээнд томоохон өөрчлөлт бий болсон. Өөрчлөлтийг удирдах эсхүл шинэ өөрчлөлтийг бий болгох нөхцөлд эрх зүйн тулгуур баримт бичигт нэмэлт, өөрчлөлт хийж болно л доо. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт яригдах нөхцөл байна, нийгмийн хэрэгцээ ч байна. Учир нь, Засгийн газрыг ойр ойрхон “унагаачихдаг”, парламент нь бүх асуудлыг мэдээд байгаа ч юм шиг улс төрийн үл ойлгогдох байдал байсхийгээд давтагдах боллоо. Түүнээс гадна Ерөнхийлөгчөөр хэн сонгогдсон, эсхүл ямар зорилготой байгаагаас улс төрийн нөхцөл байдал харилцан адилгүй өрнөх боллоо. Үүнээс үүдээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна гэсэн хариулт өгч болохоор байна. Ард иргэдийн түвшинд ч ийм байр суурь бий болжээ. Ингээд улс орон даяар иргэдээс санал авч, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулсан байна. Гэхдээ энэ бол эцсийн байдлаар бэлэн болсон төсөл биш юм.

-Үндсэн хуулиар Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах, Засгийн газрын 1/3 давхар дээлтэй байж болно гэх мэт өөрчлөлтүүд яригдаж байна. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Миний хувьд судлаачийн маш тодорхой байр суурьтай байгаа. Монгол Улс парламентын засаглалтай улсын нийтлэг шинж чанарыг хадгалсан зохицуулалт хийхгүй бол төрийн байгуулалтад тодорхой бэрхшээл тулгарч байна. Үүнтэй холбоотойгоор нэгдүгээрт, Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлнэ гэсэн заалтыг гарцаагүй оруулах шаардлагатай. Үүнийг дагаад Ерөнхий сайд хариуцлагаа үүрдэг байх ёстой. Ийм эрх мэдлийг парламентын засаглалтай улсууд Ерөнхий сайддаа олгосон байдаг. Одоо бол Засгийн газрын гишүүн бүрийг парламентаар хэлэлцүүлдэг. Ингээд ирэхээр Ерөнхий сайд тодорхой бүлэглэлийн сонирхлыг танхимдаа багтаах шаардлагатай болдог. Үүний улмаас улс төрийн практикт Засгийн газрын гишүүд буюу сайд нар нь Ерөнхий сайддаа захирагдахгүй байх нөхцөл ч ойрын жилүүдэд үүсч байсан. Тэгэхээр Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг байх саналыг би дэмжиж байгаа. Хоёрдугаарт, Үндсэн хуулиар зохицуулахгүй ч цаашид Монгол Улсын төрийн соёлд тогтох ёстой нэг чухал зүйл бий. Сонгуульд ялсан нам, эвслийн лидер Ерөнхий сайд болдог жишгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Ингээгүйгээс болж нам доторх зөрчил нь Засгийн газрын тогтворгүй байдалд нөлөөлдөг нөхцөл байдлыг бид олон удаа харлаа.

-Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж болно. Ийм зүйл байдаг гэдэг утгаар нь биш улс төрд идэвхтэй олон субъект байгаад ирэхээр улс төрийн хямрал дагуулдаг. Монгол Улсад бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламент гэсэн гурван идэвхтэй субъект байна. Парламентын засаглалтай улс орныг харах юм бол Ерөнхийлөгч идэвхтэй субъект биш. Гэхдээ шаардлагатай тохиолдолд идэвхтэй болдог. Энэ талаас нь харахгүй бол улс төрийн гол субъект бүрд эрх мэдэл өгөөд байхаар сүүлдээ улс төрийн зөрчил бий болдог. Ерөнхийлөгчид хууль санаачлах эрх байхгүй ч шаардлагатай гэж үзэх юм бол бусад институтээр дамжуулаад хуулийн санал оруулах боломж нь нээлттэй. Асуудлыг зөвхөн нэг талаас нь харах зохимжгүй. 

-Үндсэн хууль батлагдсан өдрөөс хойш ганцхан удаа өөрчлөлт оруулсан. Тэр өөрчлөлтийг “дордуулсан долоон өөрчлөлт” гэж тодорхойлсон байдаг. Одоо Үндсэн хуулиа өөрчилснөөр дахиад дордуулчих вий гэдэг айдас иргэн надад байна. Та харин ямар байр суурьтай байна вэ?

-Таны энэ бодол зөв. Ер нь залуучууд гэлтгүй нийгэм бүхэлдээ энэ асуудалд санаа тавих ёстой. Нөгөө талаар “дордуулсан долоон өөрчлөлт” гэдэг үг шүлэг шиг сонсогдож байгаа биз. Тэр бүх заалт дордуулсан юм биш. Тухайн үед улс төрийн нөхцөл байдлаас үүдэж тэрхүү өөрчлөлтийг хийх шаардлага тулгарч байсан. Тэгэхээр судлаач хүний хувьд зарим заалтыг өөрчилсөн нь зөв гэж харж байна. Жишээ нь тухайн үед Ерөнхийлөгчийн институт улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад Ерөнхий сайдыг томилохгүй, Засгийн газраа бүрдүүлэх боломжийг олгохгүй байсан юм. Ийм улс төрийн хямрал үүсч байсан учраас долоон өөрчлөлт оруулсан. Тэгэхээр бүхэлд нь дордуулсан гэж ойлгохоос илүү зарим нэг зүйл улс төрийн нөхцөл байдалтай уялдаж бий болсон гэдгийг зөвөөр ойлгох ёстой болов уу гэж бодож байна. Гэхдээ УИХ-ын гишүүдийн ирцийг эргэж харах шаардлагатай гэсэн шүүмжлэл гарах болсон. Цөөхөн гишүүн сууж байгаад том бодлогын баримт бичгийг гаргаж байна. Үүнийг шийдэх шаардлага бий. Асуудлыг наанатай, цаанатай авч үзэх шаардлагатай. 

Удирдлагын академийн захирал С.Зүльфикар

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд “давхар дээл”-ний асуудал яригдаж байна. Бодлогын яам хариуцаж байгаа сайд нар УИХ-ын гишүүн байх нь зөв үү?

-“Давхар дээл”-тэй байж болно. Гэхдээ хязгаар тогтоох, Засгийн газрын 1/3 нь УИХ-ын гишүүн байж болно гэдэг асуудлыг би дэмжиж байгаа. Яагаад гэвэл улс төрийн намууд сонгуульд ороход тухайн намын лидерүүд нь парламентын гишүүн болох гэж өрсөлддөг. Ингээд сонгуулийн дараа Засгийн газар байгуулагдахад намын лидерүүд голлон Засгийн газрын кабинетаа бүрдүүлдэг. Ингэж байж нам болон парламент дахь тэнцвэрийг хадгалдаг. Энэ бол Засгийн газрын тогтвортой байдлыг хадгалах үүднээс хийгдсэн зохицуулалт юм. Нөгөө талаар сонгогчид ч тухайн намын лидерийг Ерөнхий сайд болно гэсэн хүлээлттэй байдаг. Тэгэхээр “давхар дээл”-ний асуудал Монгол Улсын нөхцөлд зохистой түвшинд байж болно гэж харж байна. Энэ бол парламентын засаглалтай улсуудад байдаг нийтлэг жишиг л дээ. Засгийн газрын тогтвортой болон үр дүнтэй үйл ажиллагааг дэмжих хэлбэр юм. Нөгөө талаар, парламентад сөрөг хүчин, шаардлагатай бол намууд Засгийн газарт хяналт тавьдаг. Бусад улсуудад 200-700 гишүүнтэй парламент үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, хүн амын тооноос хамаараад парламентын бүрэлдэхүүний тоо тодорхой болдог. Эдгээр улсуудад Засгийн газрын гишүүнд бүгд парламентын гишүүн байлаа ч асуудал үүсдэггүй. Харин Монгол Улсын парламентын бүрэлдэхүүн цөөхөн, 76 гишүүнтэй учраас бүгдийг нь сайд болгочих юм бол эрх мэдлийн тэнцэл хангагдахгүй байх цаашлаад өөр хоорондоо уусах нөхцөл бий болно. Энэ талаас нь аваад үзэх юм бол тодорхой хязгаар тогтоох нь зүйтэй. 

-УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах санал гаргавал УИХ хэлэлцэнэ гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Энэ заалтыг шүүмжлэх нэгэн бий. Харин таны бодлоор дээрх заалт байх ёстой юу?

-Энэ бол Засгийн газарт хяналт тавих үндсэн чиг үүргийн нэг хэлбэр. УИХ-ын гол чиг үүрэг нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлах, Засгийн газрын үйл ажиллагаа, бодлогыг шүүмжлэх, бүрэн эрхийг хэлэлцэх байдаг. Тэгэхээр байх ёстой чиг үүрэг гэж харж байна. Гэхдээ дур зоргоор хэт явцуу эрх ашигт хөтлөгдөж энэ эрхийг хэрэгжүүлэх гэсэн улс төрийн соёл, хандлага бий болохоос зайлсхийх нь зүйтэй. 

-Иргэдийн зүгээс хариуцлагын асуудлыг Үндсэн хуульд суулгаж өгөөч гэж хүссэн байна. Гэтэл ийм асуудлыг тусгана гэхээр нэмэлт өөрчлөлтийн хэмжээ хязгаараас давах гээд байгааг ажлын хэсгийнхэн учирлаж байна. Харин та ямар байр суурьтай вэ?

-Иргэдийн гаргасан энэ саналыг судлаачид дэмжиж байгаа. Одоо бол хариуцлага тооцох нэг хэрэгсэл нь сонгууль болчхоод байна. Дараагийн сонгуульд ялалт байгуулж чадахгүй байна гэдэг нь тухайн нам бодлогоо хэрэгжүүлж чадаагүй, сонгогдсон гишүүд нь идэвхтэй байгаагүй, Засгийн газар нь сайн ажиллаагүй гэсэн үг. Гэтэл үүний цаана хувь хүнтэй холбоотой хариуцлагын асуудал байгаа бол зохицуулах ёстой. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг заалт гаднын улс оронд бий. Тэр бүү хэл УИХ-ын гишүүн нэг намаас нөгөө намд элсэх нөхцөлийг ч хаасан байдаг. Монгол Улсад бол УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа өөр намд элсэх тохиолдол гарсан. Улс төрийн соёл, улс төрийн ёс зүйн талаасаа сөрөг үр дагавар дагуулдаг тул зарим улс үүнд хориг тавьсан байдаг. УИХ-ын гишүүдийг эгүүлэн татахтай холбоотой заалт бий. Гэвч хэрэглэхэд түвэгтэй байдаг учраас шалгуулчхаад эргээд ирдэг гэх мэт зохицуулалт тусгах шаардлага бий. Энэ удаагийн өөрчлөлтөөр хийж болох эсэх нь эргэлзээтэй. Учир нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нь Үндсэн хуулийн бүтцийн 1/3-ээс давахгүй гэдэг хатуу босготой. Гэтэл төсөл нь 1/3-ээс давах гээд байгаа бэрхшээл байна гэж ойлгосон. 
Парламентын засаглалтай улс оронд парламентаа тараах шийдвэрийг Ерөнхий сайд гаргадаг. Энэ бол хяналт тэнцвэрийг хадгалж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл парламентад хэтэрхий их эрх мэдэл өгөхгүй байна гэсэн үг. Гэтэл Монгол Улсад байж болох хэлбэр ч ихэнхдээ хоёр танхимтай улсад хэрэглэдэг учраас улс төрийн хямрал дагуулах болов уу гэсэн болгоомжлол явж байгаа. Энэ асуудлыг шууд шийдэхгүйгээр дахиад сайтар судлах нь зүйтэй болов уу.  
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж