К-поп одод дипломат харилцааг эерүүлж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

К-поп одод дипломат харилцааг эерүүлж чадах уу?

К-поп одод дипломат харилцааг эерүүлж чадах уу?

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин өнгөрсөн долоо хоногт хөрш Хятад улсад дөрвөн өдрийн албан ёсны айлчлал хийлээ. Мун Жэ Иний айлчлалын бүрэлдэхүүнд бизнес, соёл урлагийн нийт 300 төлөөлөгч багтжээ. Тэрбээр өргөн бүрэлдэхүүндээ жүжигчин Сон Хэ Кю тэргүүтэй урлагийн төлөөлөгчдийг дагуулан авч явжээ. “Нарны үр сад” олон ангит киногоор өнгөрсөн онд Азийн орнуудад тэсрэлт хийсэн жүжигчин Сон Хэ Кю хоёр орны дипломат харилцааг эерүүлэх үүрэг хүлээсэн аж. Айлчлалын бүрэлдэхүүнд Сон Хэ Кюгээс гадна “EXO-CBX” жүжигчин Чу Жа Хюн нарын урлагийн одод багтаж, Бээжин хотноо төрийн ордонд ёслолын хүлээн авалтад оролцсон нь олны анхаарлыг татжээ. Хятадад К-поп соёлын нөлөө давамгай байдгийг ерөнхийлөгч Мун Жэ Ин дипломат харилцаанд ашиглахыг оролдсон аж.

Солонгосын хойгт АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах “THAAD” системийг байршуулснаас үүдэн хоёр орны харилцаанд үл ойлголцол үүссэн юм. Пуужингийн систем байршуулах маргаанаас үүдэн Өмнөд Солонгост ирэх Хятадын жуулчдын тоо огцом буурчээ. Мөн Өмнөд Солонгосын “Lotte” сүлжээ дэлгүүр Хятад дахь салбараа хаахад хүрсэн аж. Хятадтай зөрчилдсөнөөс Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлтөд 0.3 хувийн нөлөө үзүүлсэн гэнэ. “THAAD” системийг Хойд Солонгосын баллистик пуужингаас хамгаалах зорилгоор хойгт байршуулсныг Сөүл тайлбарладаг. Гэвч Бээжин АНУ-ын пуужингийн системийн овоо хараанд орохдоо дургүй байгаа аж.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин, тэргүүн хатагтай Ким Жун Сук нар айлчлалын үеэр Бээжин хотын гудамжид зардаг түргэн хоолноос идсэн байна. Өмнөд Солонгосын Ёнхап агентлагт үүнийг Хятадын иргэд, тэдний аж амьдралтай илүү ойр танилцах оролдлого хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн Мун Жэ Ин Бээжин хотын их сургуульд илтгэл тавьсан ч түүний мандарин хэлний дуудлага экс ерөнхийлөгч Пак Кын Хэг гүйцэхгүй байсан талаар зарим эх сурвалж харьцуулан мэдээлжээ.

Мун Жэ Ин Хятадын ‘Нэг бүс-Нэг зам’ санаачилгад эдийн засгийн бодлогоо холбон тайлбарлаж, хоёр орны хамтын ажиллагааг сэргээхийг хичээсэн байна. Тэрбээр Хятад, ОХУ, Япон, Монгол зэрэг оронтой эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлого барина гэв. Айлчлалын талаар Хятадын дарга Си Жинпин харилцан хүндлэл, итгэлцэлд суурилан хоёр орны харилцааг сайжруулах арга замыг эрэлхийлсэн том боломж боллоо гэдгийг онцолжээ. Үүний дараа Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян худалдаа, эдийн засгийн албан ёсны харилцааны сувгууд удахгүй дахин нээгдэхийг мэдэгдэв. Түүнчлэн хоёр орон санхүү, биет бус тагнуул, мэдээлэл, иргэд солилцооны хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцжээ. Айлчлалын үеэр хөрөнгө оруулалт, үйлчилгээний салбарт чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээрийг өргөжүүлэхээр хэд хэдэн санамж бичиг зуржээ.

Гэвч айлчлалын үеэр Хятадын хамгаалалтын албаныхан Өмнөд Солонгосын хэвлэлийн бүрэлдэхүүнд хүндэтгэлгүй хандаж, хоёр сэтгүүлчийн биед халдсан нь шүүмжлэл дагуулсан юм. Мөн Мун Жэ Инийг Бээжинд газардахад гадаад хэргийн дэд сайдын түвшинд хүлээн авсныг Өмнөд Солонгосын хэвлэлүүд шүүмжилжээ. Харин Мун Жэ Иний айлчлал Наньжиний хядлагыг дурсах өдөртэй давхацсан гэдгийг Бээжин тайлбарласан аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж