Хүннүчүүдтэй хамгийн ойр нь Монгол, Солонгос

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Хүннүчүүдтэй хамгийн ойр нь Монгол, Солонгос

Монголч эрдэмтдийн хурлын эхэнд “Хүннү нар монголчуудын эртний өвөг болох нь” хэмээх илтгэлийг ШУА-ын Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Цэвээндорж тавьсан юм.Түүний илтгэлд дурдсанаар Хүннү нар Байгаль далай, Шар мөрний завсар өргөн уудам нутагт аж төрж байжээ.  Монголчууд XVII зуун хүртэл энэ нутагтаа эзэн сууж байжээ.  Хүннүгийн үеийн буган чулуун хөшөө дэлхий дээр 700 гаруй олдсоны 550 нь Монголын нутагт байгаа аж. Энэ бүхнээс  үндэслэн хүннү нар монголчуудын өвөг дээдэс гэдгийг баталжээ. Хоёх мянганы тэртээ байгуулсан Хүн гүрний бүрэлдэхүүнд олон үндэстэн, ястан багтаж байсан ч төрийн эрх барьж байсан хаад, язгууртнууд нь монгол угсаатнууд байснаараа онцлог гэнэ. Хүннүгийн хүн амын 70 хувь нь монгол угсаатан байсан гэдгийг ч эрдэмтэд тогтоосон байна. Архангай аймгийн Эгийн голын Бурхан толгой гэдэг газраас олсон 80 гаруй хүннү булшинд байсан шарилд ДНК-гийн шинжилгээ хийж  монгол, казах, солонгос, түрэг зэрэг үндэстнийхтэй харьцуулахад монголчуудынхтай хамгийн ойр гарчээ. Мөн дээрх булшууд олдсон Архангай зэрэг аймгийн халхчуудын ДНК хүннү нарынхтай илүү ойролцоо байжээ. Гаднынхнаас солонгос, буриадууд ДНК-аараа хүннү нартай хамгийн ойрын “садан”-гаар тодорчээ.  Энэ мэт сонирхолтой олон илтгэлийг монголч эрдэмтэд сонсч байна.

Мөн Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уулын булшнаас олдсон олдвор Хүннү, Перс хивсүүд өнөөдөр Төрийн ордонд олны хараа булаалаа. Тэртээ 2000 гаруй жилийн өмнөх хивснүүдийн хээ хуар, өнгө дагнаас, нэхээс, ширээс бүгд саяхных мэт. Монголч эрдэмтдийн Х их хуралд зориулж эдгээр нандин эд өлгийг өнөөдөр дэлгэж гадаад, дотоодын эрдэмтэн, мэргэдэд үзүүлсэн юм. Вавилон, Персийн хаадаас Хүннү гүрний хаанд бэлэглэсэн хүрэн өнгийн хивсийг ОХУ-д засварлан сэргээж Монголд авчирсан байна. Дунд сургуулийн түүхийн сурах бичгүүд дээр байдаг Вавилоны үеийн хүний дүрс бүхий  уг хивсний хажууд 1925 онд Оросын нэрт эрдэмтэн П.К.Козловын Монгол, Төвдийн газар зүйн судалгааны экспедицийнхний Ноён уулнаас олсон хүннү хивсийг дэлгэн тавьсан байв. Буга, бүргэд, чонын дүрстэй, эсгий, торгоор уран нарийн зээгт наамал маягаар бүтээсэн уг хивсийг түүхийн нэн ховор дурсгалын тоонд багтаан улсын хамгаалалтад авсан байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж