“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын “Үндсэн хуулийн шинэчлэлийн зарим асуудлууд” сэдвийн хүрээнд дөрвөн хүн илтгэл тавилаа.
Олон улсын “Улаанбаатар” их сургуулийн проректор, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Ц.Сүхбаатар “Үндсэн хууль ба эдийн засаг” сэдвээр илтгэл тавив.
Тэрбээр Монгол Улсын хөгжлийн урт, дунд хугацааны бодлого, хөтөлбөр, түүний хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгч хариуцахаар Үндсэн хуульд шинээр заалт оруулах, Монгол Улсын Үндсэн хуулинд эдийн засгийн бүлэг шинээр нэмж боловсруулан оруулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Тус бүлэгт Монгол Улс Эдийн засгийн хөгжлийн яамтай байх, гадаадын зээл, бонд, өрийн барьцаанд газар, эрдэс баялгийн нөөцийг ямар нэгэн хэмжээгээр тавихыг хатуу хориглох, ашигт малтмалын хайгуулын лицензийг төрийн хатуу хяналтад байлган, газар нутгийн 5 хувиас хэтрүүлэхгүй лицензийн зөвшөөрөл олгож, геологи хайгуулын үйл ажиллагааг төрийн өмчийн мэргэжсэн компаниар гүйцэтгэхээр тусгах нь зүйтэй гэсэн саналтай байв. Түүнчлэн стратегийн орд газруудын нөөцийн олборлолт, боловсруулалтыг зөвхөн төрийн өмчийн үндэсний компаниуд гүйцэтгэх, уул уурхайн олборлолт, боловсруулалт хийх компаниуд заавал хөрөнгийн биржид бүртгүүлэн хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах, хувьцааны тодорхой хэсгийг орон нутгийн иргэдэд хөрөнгийн биржээр дамжуулан эзэмшүүлж ногдол ашиг хуваарилахаар Үндсэн хуульд тусгах нь зүйтэй гэж үзэж буй аж.
Ингэж Монгол Улсын иргэдийг аль болох уул уурхайн компаний хувьцаа эзэмшигч болгож Монгол Улсын Үндсэн хуулийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг санал болгосон юм. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн заалт бүрийн хэрэгжилтийн явц, байдлыг судлан дүгнэж, бүх ард түмний санал агуулга явуулж, ул суурьтай өөрчлөлт хийх цаг үе болсон гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Мөн хуралд Судлаач, эдийн засагч Т.Доржханд “Үндсэн хууль ба эдийн засгийн тогтвортой хөгжлийн баталгаа” сэдвээр илтгэл тавилаа.
Судлаач Т.Доржханд Монгол Улс хүний хөгжлийн индекс, өрсөлдөх чадварын индекс, монгол хүний бодит орлого, зээлжих зэрэглэл, төсвийн зарлагын үр ашиггүй байдлаараа дэлхийн улс орнуудын хаана жагсч явааг жишээ баримттайгаар өгүүлсэн. Мөн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар өнөөг хүртэл юуг бүтээсэн талаар танилцуулаад тулгамдаж буй асуудал, түүний шийдлийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр, УИХ-ын сонгуулийн хувь тэнцүүлсэн (пропорцианоль) тогтолцоог Үндсэн хуульд тусгах нь зүйтэй гэж үзэж буй аж. УИХ-ын нийт мандатын 50-иас дээш хувийг пропорцианоль болгох гэсэн саналтай байлаа. Мөн улсын төсвийн алдагдлын хэмжээг Үндсэн хуульд тусгах, ингэхдээ төсвийн алдагдал ДНБ-ий 2 хувиас хэтрэхгүй байх, зээлжих зэрэглэл буурсан бол дараа жил нь Засгийн газар гадаад арилжааны зээл авахыг хориглохоор Үндсэн хуулиар хуульчлах гэсэн саналтай байгаагаа илтгэлийнхээ төгсгөлд танилцуулсан.
ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын зөвлөх, хууль зүйн шинжлэх ухааны доктор Б.Мандахбилэг “ХБНГУ-ын Үндсэн хуулиар зохицуулсан төрийн тогтолцооны туршлагаас Монгол Улсад хэрэгжүүлэх боломж” сэдвээр илтгэл танилцуулсан.
Төлөвшсөн хариуцлагатай парламентын олонхи, буюу эрх баригч улс төрийн нам, намуудын эвсэл Германд Засгийн газраа тогтвортой ажиллуулдаг болохыг Засгийн газрыг олон удаа тэргүүлсэн канцлер Конрад Адэнауэр, Хэльмут Коль, Ангела Мэркэль нараас харж болно гэж тэрбээр хэллээ. ХБНГУ-д Ардчилсан Үндсэн хуулийн үзэл санаанд харш улс төрийн намыг Үндсэн хуулийн шүүх нь хориглох бүрэн эрхтэй аж.
Германы Үндсэн хуулийн шүүх төрийн тогтолцоонд – чухал тулгуур нь, төрийн тогтвортой байдлын хүчин зүйл. Үндсэн хуульд тодорхой зүйл заалтанд өөрчлөлт ороогүй л бол тухайн асуудлаар Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрүүд нь залгамж чанарыг хадгалдаг бөгөөд Үндсэн хуулийн шүүх нь нийслэлийн өдөр тутмын улс төрөөс хол, 700 км зайтай Карлсруэд байрладаг аж.
Засгийн гакрын гишүүдийн “давхар дээл” Германд улс төрийн тогтвортой байдалд муугаар нөлөөлдөггүй гэж тэрбээр хэллээ. Сүүлчийн парламент нь 630 гишүүнтэй, Засгийн газар нь 16 cайдтай, сайд нарын 14 нь “давхар” гишүүн байсан. Үүнээс гадна яамны дэд сайд – парламентын Төрийн нарийн бичгийн дарга нар парламентын гишүүн байдаг зарчимтай. Парламентын засаглалтай Герман Улсад “давхар дээлийг” бэрхшээл, зөрчил гэж огт үздэггүй. Тэгээд ч парламент дахь олонхийн бүлэг-бүлгүүд өөрийн Засгийн газраа ямагт дэмжих жам ёсыг баримталдаг бөгөөд парламентаас ганцхан канцлерийг л томилдог. Бусад сайдыг канцлер өөрөө сонгож Ерөнхийлөгчид өргөн барьж томилуулдаг зарчим нь бас Засгийн газрын тогтвортой байдалд сайнаар нөлөөлдөг байна.
Доктор Б.Мандахбилэг, манай улс УИХ-ын 76 гишүүний тоог нэмэгдүүлж 100 гаруй болгоход “давхар дээл” улс төрийн “хурц зэвсэг” биш болж хувирна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тэрчлэн Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь эсвэл хагас нь УИХ-ын гишүүн байж болох тухай дээд хязгаарыг Үндсэн хуульд тодорхой заах нь тохиромжтой хэмээн үзэж буй аж.
Тогтвортой байдлыг хангах зорилгоор Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг сонгох сонгуулийн зарчмуудыг, ялангуяа хувь тэнцүүлэх системийг буюу намын нэрсийн жагсаалтаар УИХ-ын гишүүнийг сонгож болохыг тусган, сонгуулийн хуулийн аливаа өөрчлөлтийг 4-5 жилийн дараа буюу сонгуулийн нэг циклийн дараа хүчин төгөлдөр мөрдөж эхлэх зарчмыг Үндсэн хуульд нэмж оруулах нь зүйтэй гэлээ. Ер нь Үндсэн хуулийн хэм хэмжээ их тодорхой байх тусам Үндсэн хуулийн цэцээс савалгаатай шийдвэрүүд гаргах боломж нь хумигдах учиртай хэмээсэн. Эцэст нь, парламентын засаглалын сонгодог хэлбэр рүү монголчууд бид тэмүүлэх нь зүйтэй. Хариуцлагатай, төлөвшсөн нам, улс төрчдөөс бүрдсэн хүчтэй Улсын Их Хуралтай, тогтвортой шударга ажиллах Засгийн газартай, хууль ёсыг ягштал сахиулах Үндсэн хуулийн цэц, шүүхүүдтэй, үндэсний эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгчтэй ийм л Монгол Улсыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүрдүүлэхийг ард иргэд олон нийт хүсэн хүлээж байна гэлээ.
Мөн МАХН-ын дэд дарга, хуульч Ц.Оюунбаатар “Монгол Улсын Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал” сэдвээр илтгэл тавьсан.
Тэрбээр, МАХН Монгол Улсын 5 дахь Үндсэн хуулийн төслийг боловсруулж Монголын бүх ард түмнээр хэлэлцүүлж эхлээд байна хэмээн танилцуулсан. 2016 онд монголын хуульчид, эрдэмтэд, судлаачдын оролцоотойгоор дээрх хуулийн төслийг боловсруулж, 2017 оноос эхлээд монгол орноо тойрч 21 аймагт 60 гаруй сумын ард иргэд, Улаанбаатарын 9 дүүрэгт хэлэлцүүлж, одоо 3 дахь удаагаа орон нутагт ажиллаж 60,000 км зам туулж, 80 гаруй мянган иргэдийн санал, дүгнэлтийг бичгээр аваад байгаа аж.
Тэрхүү Үндсэн хуулийн төсөлд Монгол Улсаа Бүгд Найрамдах Монгол Улс гэж тунхаглан зарлах саналтай байгаа бөгөөд засаглалын хэлбэрийн хувьд Бүгд Найрамдах улс бөгөөд парламентын болон ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг хосолж, аль алины дэвшилттэй чанарыг шингээсэн төрийн тогтолцоотой улс байна гэж тусгажээ. БНМУ нь төрийн байгууллагын хувьд төр засгийн эрхийг хууль тогтоох эрх мэдэл, хууль хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл, хянах эрх мэдэлд хуваагдана гэж үзжээ.
Хууль тогтоох эрх мэдлийг улсын бага Хуралдай болон Үндэсний их хуралдай хэрэгжүүлж, Үндэсний Их Хуралдайг 21 аймаг, хот, 330 сумын иргэдээс шууд нэр дэвшүүлэн сонгох бөгөөд төр засгийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж, үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, өргөн эрхийг эдэлнэ хэмээн заажээ. Улсын бага хуралдай нь байнгын ажиллагаатай парламент байх бөгөөд хууль хэлэлцэж батлах, улсын төсөв батлах үйл ажиллагаагаар хэрэгжүүлнэ хэмээн төсөлд тусгажээ.
Эдгээр болон өглөөний хуралдааны үеэр тавьсан илтгэлүүдтэй холбогдуулан хуралдаанд оролцогчид байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Хурал үргэлжилж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.