Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг “Залуучуудын футзалын УАШТ”-ийн хагас шигшээгийн эхний тоглолт өнөөдөр 10:00 цагаас “Дэрэн”, “Хараацай” багуудын хооронд боллоо.
Өмнөх тоглолтод “Монголын тэмүүлэл” гэсэн хүчтэй өрсөлдөгчөө торгуулийн цохилтоос буулга авсан “Хараацай” клубийн хөвгүүд өнөөдрийн тоглолтын гоолын салхийг хагалав. Тодруулбал тоглолтын 17 дахь минутад “Хараацай” клубийн 3 дугаартай О.Сүхбат гоол оруулж, багтаа тэргүүллийг олгосон юм.
Гэсэн ч Б.Гарьдмагнай дасгалжуулагчтай “Дэрэн”-ийн залуус бөмбөгийг өрсөлдөгчөөсөө илүү эзэмшиж, тоглолтын санаачилгыг гартаа авч байсныхаа хүчинд үр дүнг өөрсдийн талд шийдлээ. Үндсэн цагт
“Дэрэн” 2:1-ээр хожиход “Дэрэн”-ээс М.Жансерик /20’/ Э.Өнөр-Эрдэнэ /21’/ нар гоол оруулж, баг нь маргааш аваргын төлөө тоглох эрх халааслав.
Эх сурвалж: МХБХ