Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох санал гаргав

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох санал гаргав

Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох санал гаргав

“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2017.12.18/ Төрийн ордонд болж байна. Үдээс өмнө Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон олон нийтээр хэлэлцүүлсэн үр дүн танилцуулсан.

Судлаач, хуульчдын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, парламентын засаглалыг сайжруулах нь зүйтэй гэж үзэж байхад зарим хэсэг нь Үндсэн хуульд заавал өөрчлөлт оруулахгүйгээр бусад хуулиа хэрэгжүүлэх, намуудын төлөвшлийг сайжруулах боломжтой  зэрэг асуудлыг хөндөж байсан юм. Одоо тэдний илтгэлээс түүвэрлэн хүргэе.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл “Үндсэн хуулиа л сайн болговол, өргөс аваад хаясан мэт сайхан болно гэж бодож суугаа бол энэ их эндүүрэл гэдгийг судлаачийн хувьд хэлмээр байна.

Монгол Улс цаашдаа яах ёстой вэ, ямар гарц байна вэ?. Өнөөдөр монголын нийгэм бүхэлдээ ёс суртахуунгүй, хариуцлагагүй болсон. Хууль, тэр дундаа Үндсэн хууль үүсмэл бол, ёс суртахуун бол хүн бүрийн уураг тархинд байдаг төрмөл зүйл. Аливаа улс, нийгэм, хувь хүн, айл өрх ёс суртахуунаа алдаад ирэхээр уналт, доройтол, ялзралд ордог нь жам ёсны зүйл. Монгол Улсын өнөөгийн байдал нь Үндсэн хуулиас шалтгаалаагүй гэдэг нь бодит үнэн.

“Өнөөгийн хямралд улс төрийн намууд буруутай”

Үндсэн хууль судлаач, доктор Б.Гүнбилэг

Өнөөгийн улс төрийн хямралд Үндсэн хууль бус улс төрийн намууд, улстөрчид, хувь хүмүүс буруутай. Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар улс төрийн хямрал алга болохгүй. Харин улс төрийн намууд төлөвшиж, хуулиа хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах нь чухал байна.

Үндсэн хуулийн 2000 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 7 нэмэлт, өөрчлөлтийг эргэн харж, яаралтай эдгээр зүйлүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Эрх зүйн шинэтгэлийн тусагдахууны талаар гурван чиглэлийг хэрэгжүүлэх ёстой. Үүнд, хууль зүйн мэргэжлийн боловсролыг шинэтгэх, хууль зүйн эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт, арга зүйг шинэтгэх, нийгэмд эрх зүйн шинэ ухамсар төлөвшүүлэх.

Үндсэн хуулийн эдийн засаг, эрхэд суурилсан төсвийн төлөвлөлт, захиран зарцуулалтын талаар огт мэдэж байгаа, мэдсэн ч хэрэгжүүлэхгүй байгаа өнгөрсөн 25 жилийн парламент, Засгийн газрыг гайхан “биширч” байна. Junk news, populism-ийг хязгаарлах хуулийн зохицуулалтуудыг шинээр бий болгох, дордохын 7 өөрчлөлтөө өөрчлөх, ердийн хуулиа хэрэгжүүлэх шаардлагатай.

“Ерөнхийлөгчийг парламентаас сонгогдог болох ёстой”

Гадаад харилцааны яамны олон улсын гэрээ, эрх зүйн газрын зөвлөх, хууль зүйн ухааны доктор Б.Мандахбилэг

Парламентын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг ард нийтийн саналаар бус парламентаас сонгодог байх хувилбар Монголд ч гэсэн тохиромжтой. 

Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох нь эрх мэдлийн төлөөх тэмцэл, маргаан үүснэ гэж судлаачид үздэг. Тиймээс парламентын засаглалын сонгодог хэлбэрийг монголчууд сонгох нь зүйн хэрэг. Хариуцлагатай, төлөвшсөн нам, улс төрчдөөс бүрдсэн хүчтэй УИХ-тай, тогтвортой шударга ажиллах Засгийн газартай, хууль сахиулдаг Үндсэн хуулийн цэц, шүүхтэй болох. Үндэсний эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгчтэй Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь тохиромжтой.  Япон, Герман, Их Британийн төрийн тогтолцооны туршлагаас Монголд нутагшуулах боломжууд их байна” гэлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж