Өнөө цагийн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг Леброн Жеймс NBA-ын талбайд чухал “мэдэгдэл хийв”. Тэрбээр нэг хөлдөө хар, нэг хөлдөө цагаан өнгөтэй, ардаа “тэгш эрх” гэсэн бичиг бүхий пүүз өмсөж, талбайд гарчээ.
Тоглолтын дараа Леброн “АНУ бол үзэсгэлэнтэй сайхан орон. Ийм сайхан, ийм хүчирхэг улс орныг ганцхан хүн дарангуйлахыг хүлээн зөвшөөрч чадахгүй” гэж ерөнхийлөгч Доналд Трампыг хурцаар шүүмжилсэн байна.
“Кливлэнд Кавальерс” ням гаригийн үдэш /2017.12.17/ Цагаан ордноос холгүй орших “Вашингтон Визардс”-ын талбайд 106:99 харьцаатай хожсон тоглолтын эхний хагаст Леброн өөр өнгийн пүүзтэй талбайд гарчээ. Тоглолтын хоёрдугаар хагас эхлэхэд тэрбээр пүүзээ сольсон байсан гэнэ. Леброн Жеймс тус тоглолтод 20 оноо, 15 оновчтой дамжуулалт, 12 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ.
Тэрбээр тоглолтын дараа “Би эхний хагаст сайн тоглож чадаагүй. Би их мухар сүсэгтэй хүн болохоор пүүзээ сольсон юм. Гэхдээ хоёрдугаар хагаст ч бас сайн тоглоогүй. Хэрэв гуравдугаар хагас гэж байсан бол би пүүзээ дахиад ч солих байсан” хэмээн хошигножээ.
С.ЦЭЛМЭГ