Монголч эрдэмтэд залгамж халаагаа үгүйлэв

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Монголч эрдэмтэд залгамж халаагаа үгүйлэв

Монголын хэл, соёл, зан заншил, үүх түүхийг судлан дэлхий нийтэд таниулж яваа газар газрын монголч эрдэмтэд өнөө өглөө Төрийн ордонд хуран чууллаа. Монгол судлаачдын Х их хурлын нээлтийн ёслолын бүгд хурал Төрийн ордны Их танхимд болсон юм. Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90, Монгол Улс НҮБ-д элссэний 50 жил гээд тэгш түүхэн их ойнуудыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор уг их хурлыг хийж байгаа юм. Их хурлыг таван жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ сарын 8-13-нд үргэлжлэх их хуралд Австри, Англи, АНУ, Герман, Голланд, Дани, Испани, Итали, Казахстан, Канад, Норвеги, ОХУ, Польш, БНСУ, Турк, Унгар, Финланд, Франц, Хятад, Тайвань, Чех, Швед, Швейцар, Энэтхэг, Японы эрдэмтэд хүрэлцэн иржээ.

Олон улсын Монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурлыг 1959 онд зохион байгуулж, түүнд 30 гаруй хүн оролцож байсан бол өнөөдөр нээлтээ хийсэн их хуралд 300 гаруй эрдэмтэн мэргэд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн иржээ.  Дотоодын эрдэмтэн судлаачидтай нийлээд 800 гаруй хүн оролцож байна. Их хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ Анхдугаар хурлаа хийж байх үед дэлхий ертөнц хоёр туйлд хуваагдан дайсагналцаж байсан ч монголч эрдэмтэд түүнийг үл хайхран Улаанбаатарт цугларч монголын түүх судлалаар ном хаялцаж байсныг үнэлэн талархсан юм. Дэлхий ертөнц даяаршиж байгаа ч орон бүр өөрийн онцлогтой байж түүний дундаас ялгарна гэдгийг Ерөнхийлөгч онцолж байлаа. Ирэх есдүгээр сараас эхлэн дунд сургуулиудад монгол соёл, ёс заншил, уламжлалын хичээл оруулахаар болсныг Ерөнхийлөгч мэдэгдэв. “Түүнийг заахад боловсон хүчин бэлтгэх зэрэг бэрхшээл учрахгүй. Манай ээж ч зааж чадна. Монгол ахуйдаа, ёс заншил дундаа, хөдөө нутагт төрж өссөн хүн болгон үүнийг мэднэ” гэж байлаа. Энэ удаагийн Х их хурлаар “Монголын гадаад харилцаа ба түүхэн туршлага” гэсэн сэдвээр чуулж таван салбараар хуралдах юм.

 “Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монгол ба гадаад ертөнц”, “Монгол хэл, соёлын тулгамдсан асуудлууд”, “Монголын эдийн засаг, улс төр”, “Монголын гадаад харилцаа, дипломат ёс”, “Монголын тусгаар тогтнол, хувьсгал” сэдвээр салбар хуралдаан тус бүрийг зохион байгуулахаар болжээ.

Гадаадаас ирсэн зочид улс нэгэн үе олноороо төрөн гарч байсан монголч эрдэмтдийн тоо цөөрч, түүнд Монгол Улсын зүгээс төдийлөн анхаарахгүй байгааг анхааруулж байв. Өнгөрсөн зууны 60-70-аад онд МУИС төгсч, тэр үеэс судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж өдгөө хүрсэн эрдэмтэд өнөөдөр хуран чуулсан төлөөлөгчдийн дийлэнх байснаас тэдний үг батлагдаж байсан юм. Ерөнхийдөө монголч эрдэмтэд хойч залгамж үеэ үгүйлсэн уур амьсгал дунд нээлт боллоо. Хойч үедээ эрдэм судлалын ажлаа өвлүүлэх сонирхол эрдэмтдийн гол зорилго болж буйг тэд нуусангүй. Үүнийг ОХУ-ын эрдэмтэн Ю.Н.Кручкин, Хятадын эрдэмтэн Рэнцэндорж, Чехийн эрдэмтэн Иржи Шима нар үгэндээ дурдаж байв.

Эрдэмтэд Монгол судлалын дээд сургуулийг Улаанбаатарт байгуулах, түүнд гадаадын оюутнуудыг Монголын Засгийн газрын  тэтгэлгээр сургаж байх зэрэг санал дэвшүүлэв.  Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байлаа. Монгол судлалыг дэмжих сан байгуулъя гэсэн саналыг Ерөнхийлөгч дэвшүүлэв. Ингэснээр  монголч эрдэмтэд олноороо төрөн гарах болно гэж их хурлын төлөөлөгчид хэлж байсан юм.

Бүгд хурлын төгсгөлд төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт “Ноён уулын” хэмээн нэрлэгддэг Хүннүгийн язгууртны булшнаас олдсон хивс, нэхмэл эдлэлийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Үүгээр Төрийн ордонд болсон нээлтийн ёслолын бүгд хурал өндөрлөв. Их хурал МУИС-ийн хичээлийн байруудад үргэлжлэх юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж