Ксения Собчак сонгуулиас нэрээ татахад бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

Ксения Собчак сонгуулиас нэрээ татахад бэлэн гэв

Ксения Собчак сонгуулиас нэрээ татахад бэлэн гэв

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдээд байсан сэтгүүлч Ксения Собчак өөр бусад улс төрийн хүчинтэй санаа, зорилго нэгдвэл сонгуулийн өрсөлдөөнөөс нэрээ татахад бэлэн гэжээ.

“Хэдийгээр би Алексей Навальныйн үзэл бодол, үйлдэл бүрийг нь дэмждэггүй ч сонгуульд өрсөлдөх эрхгүй болсон нь шударга бус хэрэг гэж бодож байна. Навальный бид хоёр, мөн Григорий Явлинский гээд ижил бодол санаа, ижил зорилготой улстөрчид бий гэж итгэдэг” гэж Собчак ярьжээ.

Тэрбээр мөн “Би тэдэнтэй нэгдэхэд бэлэн байна. Удирдагч байна гэдэг надад танил дасал болоогүй шинэ зүйл” гэсэн байна.

Ксения Собчак ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө өнгөрсөн аравдугаар сарын 24-нд зарласан юм. НТВ телевизийг үүсгэн байгуулагч, 1996 онд ерөнхийлөгч агсан Борис Ельциний сонгуулийг кампанит ажилд зөвлөхөөр ажиллаж байсан Игорь Малашенко түүнийг сонгуулийг сурталчилгааг хариуцан ажиллах аж.

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны гуравдугаар сарын 18-нд болно. Ерөнхийлөгч Владимир Путинаас гадна Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский, Яблоко намын тэргүүн Григорий Явлинский, Коммунист намын Максим Сурайкин, бизнесмэн Сергей Полонский, дуучин бөгөөд хүний эрхийн төлөө тэмцэгч Екатерина Гордон гээд 23 хүн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгджээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж