Одоогоос гурван сарын өмнө 13 настай охин “Очир төв” зочид буудалд амиа алдсан харамсалтай хэрэг болсон. Шүүх эмнэлэг охины үхлийн шалтгааныг “Архины гүн хордлого” гэж дүгнэсэн байдаг. Үүнээс шалтгаалан мөрдөн байцаалтын явц удааширч, өнгөрсөн лхагва гаригт хэргийг Баянзүрх дүүргийн шүүх рүү шилжүүлжээ.
Хэргийн нөхцөл байдлын талаар талийгаач охины аав Т.Лхагвасүрэн, эмээ С.Оюунцэцэг, өмгөөлөгч Р.Булгамаа нартай уулзаж, тодруулсан юм.
Миний охин наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө харамсалтайгаар амь насаа алдсан. Түүнээс хойш бүтэн гурван сар 21 хонож байна. Энэ хугацаанд мөрдөн байцаах үйл ажиллагаа маш удаашралтай байлаа. Өнгөрсөн лхагва гаригт /энэ сарын 12-нд/ Баянзүрх дүүргийн шүүх рүү хэрэг шилжлээ. Энэ хугацаанд манай гэр бүлд учирсан хүнд асуудал маш их бий. Сэтгэл санаа эд материалын туслалцаа үзүүлсэн олон хүмүүс ч бий. Бид олон хүний тус дэмээр хүндрэлтэй үеийг даван тууллаа. Охины ангийн хамт олон сургууль дээр нь ном хуруулсан байдаг. Мөн хандивын дансанд цугларсан мөнгийг охины хойтох буянд зориулж байна. Тиймээс бидний зовлон уй гашууг хуваалцсан сайхан сэтгэлт хүмүүстээ талархлаа илэрхийлье. Хэргийн тухайд би ярилцлагадаа дурдсан. Хэргийг шалгах, мөрдөн байцаах явц удаашралтай явагдаж байна.
Энэ хэрэгт албаны болоод, албаны бус санаа тавигч нар их олон байна. Мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хэргийг хянаж буй прокурор луу утасдаж “Хавтаст хэрэгтэй танилцмаар байна. Хэргээ нааш нь явуул” гэсэн байгаа юм. Хаа хамаагүй хөндлөнгийн хүний хэрэгтэй ямар учраас танилцах гээд байна вэ. Энэ их сонин байгаа.
Хэргийг шалгах процесс үргэлжлээд гурван сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд цагдаа, прокурорын байгууллагууд ажилдаа хойрго хандаж байна. Хуулийн байгууллага бидний хүссэнчлэн хэргийг зүйчилж өгөөгүй. Гэсэн ч бид эцсийг нь заавал үзнэ. Хэрэв бидний хүссэнээр зүйлчлэхгүй юм бол олон улсын байгууллагад хандана.
"Шүүх хурлаар асуудлыг гаргаж тавина"
Энэ хэрэгт өмгөөлөл үзүүлж байгаа Р.Булгамаагаас дараах асуултад хариулт авсан юм.
Өмгөөлөгч Р.Булгамаа: Талийгаач охины цогцосыг оршуулсан газраас нь гарган ирж дахин шинжилгээг /шинээр/ хийлгэх хүсэлтийг тавьсан
-Хэргийн мөрдөн байцаалтын явц дуусч Баянзүрх дүүргийн шүүх рүү шилжүүлсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа дуусч, хэрэг албан ёсоор Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжээд байна. Ар гэрийнхэн, өмгөөлөгчдийн зүгээс мөрдөн шалгах үйл ажиллагааны явц хүссэн үр дүнд хүрч чадсангүй гэж дүгнээд байгаа. Яагаад гэвэл бидний тавьсан хүсэлтүүдийг хэсэгчлэн хангасан. Тухайлбал “2017 оны 10-р сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Прокрорын мэдэгдэх хуудсаар бидний “ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дахин шинжээчийн дүгнэлт гаргаж, хэргийн мөрдөн байцаах үйл ажиллагаа дуусаагүй байх тул хэргийн зүйлчиллийг нэмж өгнө үү” гэсэн хүсэлтийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэдэг анхны хариу өгсөн. Ингээд дахин шинжилгээний дүн гарсан ба 11-р сарын 22-ны өдөр хэргийн материалын хамт танилцуулсан. Өөрөөр хэлбэл бид дахин шинжилгээ хийлгэх хүсэлтээс хойш сарын хугацаанд энэ процесс явагдсан юм. Дахин шинжилгээний дүнгээс бид маш их зүйлийг хүлээж байсан. Харамсалтай нь бидний хүсэн хүлээж байсан тийм үр дүн тодорхой гарч ирээгүй. Тийм учраас өмгөөлөгч, ар гэрийн зүгээс тодорхойгүй учир шалтгаануудыг тодруулж ил болгох зорилгоор “талийгаачийн цогцосыг ухаж гаргаж ирж дахин шинжилгээг шинээр хийлгэх” хүсэлтийг тавьсан. Ингээд энэ хүсэлтийн дагуу прокурорын зүгээс бидний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн.
-Яагаад тийм хариу өгсөн юм бол?
-Прокурорын мэдэгдэх хуудсанд дурдснаар” цогцсыг оршуулсан газраас гарган дахин эрүүл мэндийн яамны мэргэжлийн салбар зөвлөлөөс нарийн мэргэжлийн эмч томилж дүгнэлт тавих үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн байсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар “талийгаач М нь архины цочмог хордлоготой, биеэ хамгаалах чадваргүй, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байхад нь хүчиндсэн болох нь тогтоогдсон байна” гэдэг хариултыг бидэнд өгсний дагуу дахин шинжилгээг хийхгүй гэсэн л дээ. Түүнээс гадна өмгөөлөгч, ар гэрийн зүгээс ёс бус аргаар бэлгийн дур хүслээ хангасан гэдэг үндэслэлийг гаргаж тавьсан. Хариуд нь энэ үндэслэлийг тогтоогдохгүй байна гэсэн хариултыг тус тоот бичгийн агуулга дотор прокурор бичиж өгсөн байдаг. Энд ар гэрийнхэн нэлээд гомдолтой байна. Яагаад гэвэл шүүх эмнэлгийн дүгнэлтийн нэгдүгээр дүгнэлт болон дахин дүгнэлтээр 1134 тоот дахин шинжилгээний дүгнэлтэд юу гэж заасан гэхээр талийгаачийн шулуун гэдэсний амсрын язарсан шарх нь шулуун гэдсээр хурьцал үүсэхэд үүссэн гэдгийг тодорхой бичсэн. Гэтэл үүнийг тогтоогдохгүй байна гэдэг дүгнэлт бичсэн байх юм. Энэ асуудалд манай шүүгч нар гярхай хандах байх гэдэгт бид найдаж байна.
-Шинээр хийсэн үзлэгийн явцад өөр тэмдэглэгдсэн зүйл гарч ирсэн үү?
-Охины биед хийсэн үзлэгийн үр дүнд ийм зүйл шинээр тэмдэглэгдэж гарч ирсэн байна лээ. Эхний дүгнэлтээр бид “амны хөндийд харагдах шүд үгүй” гэсэн зүйл байсан. Гэтэл “талийгаачийн цогцост үзлэг хийх явцад авсан гэрэл зургаас зураг 9.10 –с харахад “дээд доод үүдэн шүднүүд харагдаж байна” гэсэн дүгнэлт гарч байна. Тэгэхээр бид юу гэж байна вэ гэхээр шүүх эмнэлгийн байгууллагын хамгийн эхний дүгнэлт 2017 оны наймдугаар сарын 23-нд гарсан анхны дүгнэлтээр талийгаач М-ийн хувьд харагдах шүд үгүй гэсэн дүгнэлт гаргаж ирсэн. Гэтэл энэ 11-р сарын 22-нд дахин шинжилгээ хийхэд цогцсыг гаргаж ирж дахин нарийвчилсан шинжилгээг хийж өгөөч ээ гэсэн бидний хүсэлт түүнийг л тодруулах гэж байсан юм. Гэтэл цогцост нарийн шинжилгээ хийгээгүй зөвхөн хэрэгт авагдсан материалд өмнөх шинжилгээний дүнг харгалзан шүдтэй байна гэж тодорхойлсон байгаа юм. Сүүлчийн дүгнэлтэнд талийгаачийн цогцост үзлэг хийх үед авсан гэрэл зургаас буюу 9.10-р зургаас харахад дээд доод үүдний шүднүүд харагдаж байна” энийг юу гэж ойлгох вэ? Шүүх эмнэлгийн байгууллага эхний дүгнэлтээрээ шүд үгүй гэж бичсэн атлаа хоёрдах дүгнэлтээрээ цогцсыг гаргаж ирээгүй атлаа зургаас үндэслэн үүдэн шүд бүрэн бүтэн байсан гэх хариулт өгснөөрөө бусад шүднүүд нь байсан эсэх талаар эргэлзээ төрүүлж байна.
Яагаад бидний дахин цоо шинээр шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангаж өгөхгүй байгаа юм гэдэг нь цаанаа маш их эргэлзээ, хардалтыг төрүүлж байна. Гэр бүлийнхний зүгээс анхны шинжээч нарыг АТГ-д шалгуулъя гэдэг хүсэлт тавьсан. Ингээд хэрэг боогдоод шүүхийн шатанд шилжиж байна. Мэдээж, хэрэгт авагдсан материалуудад шүүх бодитой хандах байх гэж бодож байна.
-Мөрдөн байцаалтын явц яагаад удаашралтай явагдсан юм бол? Хэргийн мөрдөн байцаалтын явцад дөрвөн байцаагч солигдсон гэж байна. Энэ ямар учиртай бэ?
-Хэргийн мөрдөн байцаах явцад дөрвөн мөрдөгч солигдсон. Цагдаагийн ерөнхий газраас энэ хэрэгтэй холбогдуулан хоёр удаа хэвлэлийн хурал хийсэн. Нэгдүгээрт нь энэ хэрэгтэй холбогдуулан гурван этгээдийг мөрдөн шалгаж байна гэж мэдээлсэн.Гэтэл энэ хэрэгт хоёр этгээд л яллагдагчаар татагдсан. Яагаад албаны хүмүүс хариуцлагагүй мэдээлэл өгөв.
-Хоёрдугаарт “Очир төв” буудлын эзэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж мэдэгдсэн. Гэтэл энэ хэрэг яасныг олон нийтэд мэдээлэхгүй байгаа юм. Түүгээр зогсохгүй 21 нас хүрээгүй хүүхдийг зочид буудал руу нэвтрүүлэхгүй байх хууль зүйн зохицуулалттай. Гэтэл бага насны хүүхдийг дотогш нэвтрүүлж гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж өгсөн энэ байгуулагатай хууль хяналтын байгууллагын зүгээс хоёрхон удаа сануулга өгсөн байгаа юм. Бид энд гайхаж байна. Захын хороололд байгаа зочид буудалд энэ байтугай гэмт хэрэг гарч байхыг үгүйсгэхгүй. Гэтэл одоо үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.
-Охиныг ганцаараа л архи уусан мэтээр мэдээлж байгаа. Сэжигтнүүдийн согтолтын зэргийг тогтоогоогүй юм уу?
-Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаачийн цусанд 5.7 хувийн поромилл спирт гарсан байгаа нь өөрөөр хэлбэл ямар хэмжээний архи өгснийг тогтоох боломжгүй маш их архи өгсөн. Гэтэл хоёр яллагдагч этгээдийг цагдаагийн байгууллага шууд баривчлагдмагц шууд согтолтын зэргийг тогтоох үйл ажиллагаа хийх үүрэгтэй байсан. Мөн нэг этгээд нь хэргийн газраас оргон зугтаасан. Тэрүед хэргийг мөрдөн шалгаж байсан болон жижүүрт гарч байсан хягалтын прокуроруудад ямар хариуцлага тооцсон юм бэ. Гэтэл өнөөдөр согтолтын зэргийг шалгаагүйн улмаас хоёр сэжигтэн этгээд өөрсдөө эв эрүүл болж таарч байна. Тэр охин л ганцаараа хоёр шил архи уусан байж таарах нь. 13 настай охин хоёр шил архи уух уу. Гол нөхцөл байдал архи хэмээх хорыг хэн уулгав, дээрээс нь үүдэн шүд хөдөлсөн хамар уруул мурийлттай, хүзүүний эрээн булчинд хар хөхрөлт үүссэн байсан нь хүн амины гэмт хэргээ халхлах зорилгоор энэ охины амруу их хэмжээний архийг цутгасан байхыг үгүйсгэхгүй. Хоёрын хоёр шил архийг хүүхэд өөрийн хүсэл зоригоор уух бодит боломж байхгүй. Бид урьдчилсан шүүх хуралдаанаар тодорхой асуудлыг гаргаж тавина гэж бодож байна.
Э.Ариун