Пентагон харь гаригийнхныг судалж байжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

Пентагон харь гаригийнхныг судалж байжээ

Пентагон харь гаригийнхныг судалж байжээ

Пентагон үл мэдэгдэх нисдэг биет (UFO)-ийг эрэн сурвалжлах, судлах зорилготой хэдэн сая ам.долларын төсөв бүхий нууц хөтөлбөр хэрэгжүүлж байсан нь ил болжээ

2007 онд эхлүүлж, 2012 онд хаагдсан хөтөлбөрийн талаар цөөн хүрээний албан тушаалтнууд мэдэж байсан гэж “Нью-Йорк Таймс” мэдээлсэн байна. “Нью-Йорк Таймс”-ын олж авсан баримтад үл мэдэгдэх өндөр хурдны онгоц, агаарт “дүүжлэгдсэн” биетийн тухай дурдсан байжээ. Гэхдээ хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байсан эрдэмтэн, судлаачид олон зүйлд эргэлзээтэй байсан, учир нь үл тайлагдах зүйлс харь гаригийн амьдрал байдаг гэдгийг батлах хангалттай нотолгоо болж чадахгүй гэсэн байв.

“Агаар мандалд учирч болох аюул заналхийллийг тодорхойлох дэвшилтэт хөтөлбөр” нь Ардчилсан намын сенатч асан Харри Рейдийн санаачилсан ажил ажээ. Тухайн үед Харри Рейд Сенатын олонхын бүлгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр энэхүү хөтөлбөрийн талаар “Нью-Йорк Таймс” сонинд тайлбар өгөхдөө “Үүний төлөө надад ичиж зовох, эмээх, харамсах зүйл байхгүй. Өмнө нь хэний ч хийж байгаагүй тийм л зүйлийг би хийсэн” гэж ярьжээ.

Уг хөтөлбөр Батлан хамгаалах яамны санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд нийт 20 сая гаруй ам.доллар зарцуулсан байна. Хожим яамны төсвийн хэмнэлтийн хүрээнд хаагджээ. 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж