Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Ингээд валютын сангийн захирлуудын зөвлөл монголд хэрэгжүүлсэн хөтөлбөрийнхөө нэг болон хоёрдугаар шатны үнэлгээг энэ сарын 15-ны өдөр хэлэлцэж баталсан байна. Цаашид Монгол Улс 79,1 сая ам.долларын санхүүжилт нэмж авах боломжтой болжээ.
Хөтөлбөр батлагдсанаас хойш хэрэгжилт сайн байна гэж дүгнэжээ. Учир нь бодлогын хэрэгжилт тууштай, гадаад орчин тааламжтай байсан учраас хөтөлбөрийн зорилтот тоон үзүүлэлтүүдийг давуулан биелүүлсэн байна. Бүтцийн шинэчлэлийн зарим арга хэмжээ нь энэ оны 9 дүгээр сард Засгийн газар өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хойшлогдсон хэдий ч хэрэгжилт нь сайн байсан гэж дүгнэжээ.
Олон Улсын Валютын Сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нийл Сакер ‘Нүүрсний үнийн өсөлтөөс гадна эдийн засгийн суурьт томоохон өөрчлөлтүүд гарч байна. Монгол Улсын эдийн засагт итгэх итгэл сэргэж эхэллээ. Төгрөгийн ханш тогтворжсон, хөрөнгийн урсгал нэмэгдсэн, гадаад зах зээлд гаргасан бондын хүү буурсан нь сайн үзүүлэлт юм. Тухайлбал олон улсын бондын зах зээлд маш бага буюу 5 гаруй хувийн хүүтэй бонд гаргасан нь маш их амжилт. 2016 онд 11 хувийн хүүтэй бонд гаргаж байсантай харьцуулбал энэ нь том амжилт юм. Монгол Улсын Засгийн газарт олон улсын хөрөнгө оруулагчид ямар их итгэж байгааг харж болно. Дотоод зах зээлийг харвал Засгийн газрын бондын хүү 18 хувиас 11 хувь хүртэл буурсан сайн үзүүлэлт байна. Банкуудыг бэхжүүлэх ажил хийгдэж байгаа учраас цаашид арилжааны банкны хүү буурна гэсэн найдлага байна. Мөн гадаад валютын нөөц 2.5 тэрбум ам.долларт хүрч, цаашид нэмэгдэх төлөвтэй боллоо. Эдийн засагт нааштай өөрчлөлт гарахад Засгийн газрын бодлогын арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлсэн явдал гэж харж байна. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Засгийн газар шаардлагатай гэсэн бүх арга хэмжээг хэрэгжүүллээ. Юуны түрүүнд төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэлбэрэлтгүй дагаж, алдагдлыг бууруулахад авах арга хэмжээ авсан. Төсвийн бодлогын тухайд Засгийн газар хөтөлбөрийн хүрээнд тохирсон зүйлээ хэрэгжүүлээд явж байна. 2021 онд хөтөлбөр хэрэгжиж дуусахад төсөв ашигтай гарах төлөвлөгөөтэй байгаа. Богино хугацаандаа эдийн засгийн нөхцөл өнгөрсөн 1 жилтэй харьцуулахад хамаагүй сайжирсан. Урт хугацаандаа бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна’ гэв.
Т.НОМИН