Хуурамч цагаан будаа хилээр нэвтэрсэн эсэхийг шинжилж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

Хуурамч цагаан будаа хилээр нэвтэрсэн эсэхийг шинжилж байна

Хуурамч цагаан будаа хилээр нэвтэрсэн эсэхийг шинжилж байна

Сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөд хуурамч цагаан будаа зарагдаж байж болзошгүй гэдэг мэдээлэл ихээр цацагдах болсон. Тухайлбал, нэгэн фейсбүүк хэрэглэгч өнгөрсөн баасан гаригт будаа шатааж буй бичлэг хийн, “Хуванцар будааг шатааж үзэж байгаа бичлэг хараад гэрийнхээ будааг шатааж үзлээ. Үнэхээр аюултай юм байна. Та бүхэн будаагаа шалгаж үзээрэй” гэж пост бичсэн байдаг.

Энэ талаар бид Нийслэлийн Мэргэжлийн хяналтын албаныхнаас тодруулсан юм. Албаны хүний тайлбарласнаар бол ‘Цагаан будаа импортлох аж ахуйн нэгж нь хамгийн түрүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас импортын мэдэгдэл буюу зөвшөөрөл авдаг. Энэ хүрээнд Худалдааны гэрээ, цагаан будаа нийлүүлэгчийн чанарын баримт (Чанарын удирдлагын тогтолцоотой нэвтрүүлсэн, баталгаатай үйлдвэр болохыг гэрчилсэн баримт) бүтээгдэхүүний шинжилгээ тэргүүтнийг хавсарган, хүсэлт тавина. Үүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгана. Бас цагаан будаа нийлүүлэх бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон, эсэхийг нягталдаг. Улмаар импортлох, эсэхийг нь шийддэг. Дээр нь Хил, гааль, хорио цээрийн хяналтад орно. Будаа нь өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүнд багтдаг. Иймд биет үзлэг хийж, дээж авч шинжилгээнд хамруулдаг” гэж байлаа.

Мөн хуурамч будаа импортоор орж ирсэн эсэхийг илүү тодруулахын тулд нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид шинжилгээ хийгдэж байгаа юм байна. “Шинжилгээний дүн маргааш /2017.12.18/ нэгдсэн байдлаар гарах бөгөөд, 10:00 цагаас хэвлэлийн хурал зарлана” гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Дариймаа хэлж байлаа. Энэ талаар бид маргааш мэдээлэл бэлтгэн хүргэх болно.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж