“Монголиа Экспедишнс” ХХК болон Гавьяат тамирчин, уулын спортын Олон улсын хэмжээний мастер Г.Өсөхбаяр нарын санаачлагаар 2012 оноос эхлэн зохион байгуулсан “Ice Challenge Mongolia” мөсөнд авиралтын тэмцээн өчигдөр /2017.12.17/ Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт боллоо.
Тэмцээнд гадаад, дотоодын 11 багийн 54 тамирчин оролцлоо. Тэмцээнд багийн дүнгээр уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клуб тэргүүлж, “Улаанбаатар аялагч” клуб, “Хязгааргүйд мац” клуб удаалав.
Тэмцээний үеэр мөсөнд авирахаас гадна, нохой чарга, квадроцикл буюу дөрвөн дугуйт мото унааны аяллуудыг зохион байгуулсан юм.
“Ice Challenge Mongolia” мөсөнд авиралтын хотын аварга шалгаруулах тэмцээн, өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөр нь экстрим спорт сонирхогч залуусын аяллын шинэ тренд болохын сацуу Монгол улсад энэ спортыг сонирхогч тамирчдыг татаж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж буй үндэсний брэнд бүхий том арга хэмжээ юм.
Тэмцээний нээлтэд нийслэлийн Аялалж, жуулчлалын газрын дарга Д.Батсүх оролцож, мөсөн хананд авирч үзжээ.
Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад түншээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын уулчдын үндэсний холбоо, “Монос хүнс” ХХК, Эко уусдаг цай, болон Хаан жимс ХХК хамтран ажиллав.
Б.ЭНХ