Путин Трампад тусгайлан талархал илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

Путин Трампад тусгайлан талархал илэрхийлэв

Путин Трампад тусгайлан талархал илэрхийлэв

АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээллийн мөрөөр ОХУ-ын аюулгүйн албаныхан Санк-Петербург хотын Казань сүмд террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг таслан зогсоожээ. Энэ талаар ОХУ болон АНУ-ын төрийн тэргүүн нар тус тусын шугамаар мэдэгдсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин аюулт халдлагаас сэргийлэхэд чухал мэдээлэл дамжуулсны хариуд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампад тусгайлан талархал илэрхийлсэн гэж Цагаан ордон болон Кремлиэс мэдэгджээ. Ноён Путин мөн Тагнуулын төв газрын дарга болон бусад албан хаагчдад талархаж буйгаа утсаар ярихдаа хэлсэн байна.

Халдлагыг бямба гаригт /2017.12.16/ хийхээр төлөвлөсөн байсан гэж Оросын талаас мэдэгдсэн байна. Цагаан ордны мэдээлснээр олон хүний амийг хөнөөхөөр төлөвлөсөн “террорист”-уудыг хэрэг үйлдэхээс нь өмнө баривчлан саатуулжээ.

Террористуудын халдлага үйлдэхээр төлөвлөж байсан Санкт-Петербург хотын Казань сүм

“Исламын улс”-ыг дэмжигч бүлэглэлийн долоон гишүүнийг баривчлан саатуулсан. Тэднээс их хэмжээний тэсрэх бодис, галт зэвсэг, хэт туйлширсан ном зохиол хураан авсан гэж Оросын тагнуулын алба мэдэгдсэн байна. Түүнчлэн амиа золиослогч этгээд Оросын хоёр дахь том хот болох Санкт-Петербургийн Казань сүм болон өөр хэд хэдэн олон нийтийн газарт бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж байсныг таслан зогсоосон тухай тус мэдэгдэлд дурджээ.

2017 он гарсаар ОХУ-ын тагнуулын алба болзошгүй 18 террорист халдлагыг таслан зогсоосон гэж ИТАР-ТАСС мэдээллээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж