"Сөргөлдөөн нь аюулгүй байдалд нөлөөлж байна"

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

"Сөргөлдөөн нь аюулгүй байдалд нөлөөлж байна"

"Сөргөлдөөн нь аюулгүй байдалд нөлөөлж байна"

Монгол Улс хоёр том хөрштэй, түүнийг даган эдийн засгийн болон улс төрийн харилцаа, гурав дахь хөршийн харилцааны асуудал хөндөгддөг. 2013 онд Монгол, ОХУ, БНХАУ гэсэн гурван улсын төрийн өндөрлөгүүд эдийн засгийн коридор байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хоёр хөрштэй эдийн засгийн болон улс төрийн харилцаа ямар шатанд яваа, цаашид хэрхэх талаар судлаач, доктор Ё.Жаргалсайхантай ярилцлаа.


-Монгол, БНХАУ, ОХУ-ын гурван талт эдийн засгийн коридор байгуулах асуудал юу болж байна вэ?

-Анх Монгол Улс зөвхөн хоёр хөрштэйгөө дан дангаараа харилцдаг байсан бол гурван талт харилцаа Шанхайн хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос эхэлж, уулзаж, зарчмын хувьд байнгын харилцаа холбоотой байх механизм бий болгох шийдвэрт хүрсэн. Гурван талын харилцааг ээлжлэн зохион байгуулж, эдийн засгийн хамтарсан хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлж, гурван улс хамтдаа хөгжих тохиролцоонд хүрсэн байдаг. Үүний дагуу 2014 онд санамж бичиг байгуулж, 2015 онд холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн байдаг. Энэ үүргийн дагуу гурван улс ямар чиглэлээр хамтран ажиллах боломжтой вэ гэсэн судалгаа хийж 200 гаруй төсөл арга хэмжээнээс 32 төсөл, хөтөлбөрт гурван улс хамтран хэрэгжүүлэх боломжтой гэж сонгож, баталсан. Энэ төслийн 13 нь дэд бүтэц, бусад нь гааль, хил, мэргэжлийн хяналтыг сайжруулах, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтрахаар болсон.

Хамгийн эхэнд хэрэгжих төсөл нь төв зам буюу Улаанбаатар төмөр замын Сүхбаатараас хойшоо ОХУ-ын боомт руу холбосон, урагшаа БНХАУ-ын Тяньжинаар далайн боомт руу гарсан коридор. Энэ коридор одоо байгаа ч хүчин чадлыг нь сайжруулах, ялангуяа Монголын талын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Монголын тал нийт 28 сая тонныг нэг жилд нэвтрүүлэх чадвартай. Харин нөгөө хоёр тал нь жилд 100-150 сая тонн нүүрсийг нэг жилд тээвэрлэх хүчин чадалтай. Тиймээс хамгийн түрүүнд энэ коридорын хүчин чадал, нэвтрүүлэх чанарыг нэмэгдүүлэхийн тулд Улаанбаатар төмөр зам/УБТЗ/-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. УБТЗ-ын хүчин чадлыг нэмэгдүүлж хоёр дахь зам барих, төмөр замын муруй, тахир хэсгийг шулуутгах, цахилгаанжуулах, орчин үеийн технологиор хөгжүүлэх замаар хүчин чадлыг 75-100 сая тонн хүртэл хүчин чадлыг нь нэмэгдүүлэх боломжтой. 

Түүнээс гадна олон улсын шаардлага хангасан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Замын үүд чиглэлийн 1000 гаруй км авто замыг сайжруулах төслийг хэрэгжүүлэх шаардлагатай. Бусад төслүүдийн хувьд бэлэн болсон, барихад бэлэн төсөл байхгүй учраас ирээдүйд хамтран хэрэгжүүлэх юм. Түүнээс гадна хөрөнгө оруулагч сонирхож эхэлсэн нэг төсөл бол хойд коридор буюу ОХУ-ын Курегеновагаас Тува улсын нийслэлээр дамжин, Арц суурь, овоотын уурхайгаар дамжин Эрдэнэт, салхит, урагшаа гарах маршрут бас бий. Овоотын уурхай нь 225 сая тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоосон. Австралийн компани эзэмшиж буй. Тэдний зүгээс жилд 15 сая орчим нүүрс экспортлох тооцоо гаргаж, төмөр зам барих ТЭЗҮ боловсруулсан.  1,3 тэрбум ам.доллараар 547 км төмөр зам буюу Овоотоос Эрдэнэт хүрэх төсөл бэлэн болж буй. Энэ төмөр зам Ази, Европыг холбосон маш ач холбогдолтой төсөл.  

-Таны хэлснээр хэд хэдэн коридорыг өргөжүүлэх, ТЭЗҮ нь бэлэн болсон гээд төслүүд байгаа ч Монголын зүгээс хөрөнгө, санхүүжилтийн асуудлуудыг яаж шийдэх ёстой юм бол. Яагаад гэхээр бид өнгөрсөн хэдэн жил төмөр зам барина, барихгүй гэсээр өнөөдрийг хүрлээ?

Стратегийн ач холбогдол бүхий суурь бүтцийг төр өмчлөх буюу давамгай эрхтэй эзэмшинэ гэсэн хуулийн заалт бий. Энэ нь нэг талдаа стратегийн ач холбогдол нь үндэсний аюулгүй байдлын асуудал гэдэг талаасаа чухал боловч нөгөө талдаа хувийн хөрөнгө оруулалт санаачлаад хийх талаасаа тээг болсон заалт.

2010 онд Төмөр замын бодлого гарсан ч өнгөрсөн долоон жилийн хугацаанд монголчууд нэг ч км төмөр зам барьж чадсангүй.  Төр өөрөө хийгээгүй, хувийн хэвшил хийж байхад нь төрд шилжүүлж авсан гэх мэт тохиолдлыг дурдаж болно. Тиймээс бид юуны түрүүнд хойд коридорыг ашиглалтад оруулах боломжийг эрэлхийлэх ёстой. Ялангуяа Австралийн компани өөрийн хөрөнгөөр төмөр зам таван жилийн хугацаанд барьж, 30 жилийн хугацаанд ашиглаад улсад 100 шилжүүлж өгнө гэсэн нөхцөлтэй байгаа. Энэ бол бидний хувьд тун боломжийн санал гэж би бодож байна. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн оролцоотойгоор төр авах ёстой татваруудаа авчихвал боломж байна гэсэн үг. Харин бусад төслүүдийн хувьд төр өөрийн 100 хувийн хөрөнгөөр биш гэхэд 51-ээс дээш хувийг нь эзэмшиж, 49 талдаа хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлээд явах боломж бас бий. Ийм арга замаар явбал илүү үр дүнтэй болов уу гэж дүгнэж байна.

-Бид хоёр хөрштэйгээ харилцаагаа өргөжүүлж байж дэлхийтэй хөл нийлнэ. Одоогийн Засгийн газрын явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа, хандлага ямар байна вэ, Гурван улсын коридор байгуулах асуудалд яаж хандаж байна вэ?

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах гол зүйлүүд бол дэд бүтэц. Энэ дэд бүтцээ байгуулж, хэрэгжүүлж бүтээгдэхүүнээ хэрэгцээтэй газруудад нь хүргэж байж дэлхийн зах зээлд гарна. Дэд бүтцээ хөгжүүлэх талаар бүгд л бодож байгаа байх. Магадгүй арга замын хувьд геополитик, төрийн зөв бодлого маш чухал. Өөрөөр хэлбэл, бодлого гаргах түвшинд, парламентад үл ойлголцох, элдэв сөргөлдөөнтэй байдал нь улсын хөгжил, аюулгүй байдалд нөлөө үзүүлэх хэмжээнд хүрээд байгаа зүйл бий.

-Эдийн засгийн харилцааны хувьд БНХАУ-ын тал давуу эрхтэй байгаа. Хоёр хөршийн эдийн засгийн харьцааг тэнцвэржүүлэх шаардлагатайг зарим судлаачид хэлдэг. Тэгэхээр харилцааг тэнцвэржүүлэхийн тулд ОХУ-тай ямар харилцаагаа илүү өргөжүүлэх шаардлага байна вэ?

ОХУ-ын зүгээс бараа бүтээгдэхүүн худалдаж авна гэхээс илүү хуучин хамтарч ажиллаж байсан салбарууд, дэд бүтцийн асуудлаар хамтрах сонирхол байна. Жишээлбэл, Улаанбаатар төмөр замыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах, ОХУ -руу чиглэж байгаа коридорын төмөр замын бүтээн байгуулалтад оролцох, аж үйлдвэрийн чиглэлээр хамтрах сонирхлоо илэрхийлж байгаа.

-Ер нь бол бид хоёр том хөрштэйгээ улс төрийн үл ойлголцол үүсгэж байгаагаас хамтын ажиллагаанд нөлөөлж байгаа.Та үүнийг юу гэж дүгнэж байна вэ?

-Ер нь аль аль талынх нь эрдэмтэд энэ асуудлыг хөнддөг. Худалдааны болон хандлагуудын бланс алдагдсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь ОХУ тал руу эдийн засгийн гарц их байсан  бол одоо БНХАУ тал руугаа гарц нь давамгайлсан байх жишээтэй. Ер нь бол хөршийн харилцааг 3/1 гэсэн харьцааг баримтлах нь хамгийн зөв гэж судлаачид үздэг. Энэ нэг талаасаа зөв боловч яаж хэрэгжүүлэх вэ гэдгээ бодох ёстой. Жишээлбэл, Тавантолгойн нүүрсийг ОХУ-руу гаргахгүй, зөвхөн БНХАУ-руу экспортлохоос өөр арга байхгүй. Тэгэхээр энэ хандлагаа цаашид хадгалаад бусад чиглэлд буюу эдийн засгаа тэлэх замыг ОХУ-ын талтай эрэлхийлэх ёстой.

1990 оноос өмнө Монгол Улс 25 сая толгой малтай байхдаа ОХУ-д жилд 2,5-4 сая хүртэлх толгой мал экспортолдог байсан. Одоо бол тун бага хэмжээгээр гаргаж буй. Энэ мэт уламжлалт боломжтой салбарууд бий.  Мал аж ахуй, газар тариалангийн салбаруудын бүтээгдэхүүнээ гаргах боломж бий. Гэхдээ бид олон улсын шаардлага, стандартад яаж нийцэх вэ гэдгийг маш сайн бодож, өрсөлдөх чадвараа сайжруулах ёстой. Түүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудал өнөөдөр ч өрнөж байна. ОХУ-ын зүгээс монголчууд учраа олохгүй бол бид буцаагаад авах боломжтой гэдэг хандлага гаргаж эхэлсэн талаар сонссон. Тэгэхээр ийм байдал гаргаад хэрэггүй, тогоон дотроо асуудлаа шийдэх нь зүйтэй байх.

-Хоёр хөрш маань биднийг тойроод харилцаагаа өргөжүүлэх боломжтой гэх яриа байдаг. Гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд төслүүдээ эхлүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх ажил хэзээнээс эрчимжих вэ?

-Ер нь одоо байгаа  төслүүдээ хэрэгжүүлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдана. Тэр хооронд улс орны боломж, зарим хэрэгцээ шаардлага гарвал зарим төслүүд хурдан хэрэгжих боломжтой. Төр, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө санхүүгийн асуудалгүй компаниудтай хамтарч чадвал хурдацтай явах боломжтой гэж харж байна. Тэгэхгүй хоорондоо ойлголцохгүй,  парламент дотроо маргалдаж, нэг жил болоод Засгийн газраа унагаад байвал  хэцүү. Засгийн газар нь тогтвортой, бодлого тогтвортой, дөрвөн жилээр биш, урт хугацаанд бодлогоо төлөвлөх шаардлагатай байна. Төрийн бодлого тогтвортой, хөгжлийн урт хугацааны бодлого байгаад түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд дөрвөн жилийн циклээр биш аль ч нам гарсан үргэлжлэх тийм бодлого хэрэгтэй байна. ОХУ гэхэд 1921, 1990 оны бодлогууд нь одоо ч хадгалагдаж байхад Монголд дөрвөн жил тутамд бодлого өөрчлөгддөг. Өмнөх Засгийн газрынхаа бодлогыг шинээр гарч ирсэн Засгийн газар нь буруу гэдэг.  Энэ нь эргээд хамтарч байгаа улс орнуудтай харьцааны хувьд тогтворгүй л байдал үүсгэдэг.

-Бид хоёр хөршөөс гадна гурав дахь хөршийн бодлогыг хэрхэн хадгалж, өргөжүүлэх ёстой юм бол оо?

1990 оноос хойш гурав дахь хөршийн бодлогыг бид эхлүүлсэн. ОХУ-ын зарим судлаачдын зүгээс танай гурав дахь хөршүүд нэг лиценз дээр орж ирээд, хэсэг хугацааны дараа лицензээ Хятадын талд зарчихаад яваад өгдөг. БНХАУ-ын нөлөөлөл нь улам л нэмэгдэж байна. Монголчууд иймэрхүү л гурав дахь хөрштэй гэдэг зүйлийг хэлж байсан. Энэ бол оргүй ч зүйл биш. Ер нь бол хоёр хөрш 3/1, бусад 3/1 гэсэн харьцаа нь хамгийн боломжтой харьцаа юм. БНХАУ-тай хамтарч байгаа одоогийн харьцаагаа хадгалж, бусад чиглэлд хөршүүдтэй хамтрах замаар явбал бид эдийн засгаа 30 дахин өсгөх боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж