Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо Дэлхийн бизнес инкубаторуудын өдрийг 10 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд “Бизнес инкубатор-Бизнесийн хөгжил” сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо.
Зөвлөлдөх уулзалтын нээлтэд УИХ-ын гишүүд оролцсон бөгөөд “өндөг” мэт эмзэг жижиг бизнесийг эхлэх гарааны үед иргэд, аж ахуйн нэгжүүдэд бизнесээ эхлүүлэх, төслөө боловсруулахад тусалж, хууль зүйн болоод санхүүгийн зөвлөгөө өгөөд зогсохгүй хөрөнгө оруулагчидтай холбох үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн бизнес инкубаторуудад Дэлхийн бизнес инкубаторуудын өдрийн халуун мэндийг хүргэсэн.
Монгол Улсын Их Хурал 2016 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороог байгуулсан байдаг. УИХ хууль тогтоох түвшинд жижиг, дунд бизнесийн хөгжлийн асуудалд өндөр ач холбогдол өгч буйн нэг илрэл энэ юм.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь, жижиг, дунд бизнес бол зөвхөн ажлын байр биш улс орны тогтвортой хөгжил, эдийн засгийн үндсэн суурь хэмээгээд УИХ-ын гишүүдийн нэлээд хувь нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг туулж ирсэн тул баялаг бүтээгчдийг тал бүрээр дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч А.Лувсандагва зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, 2017 онд тус холбоо 8800 иргэнд бизнесийн багц сургалт, зөвлөх үйлчилгээг хүргэж, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээл болон арилжааны банкуудаар дамжуулан 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг иргэд аж ахуйн нэгжүүдэд олгосон хэмээн онцолсон юм. Үүний үр дүнд 5650 ажлын байрыг хэвээр хадгалж, 1420 ажлын байрыг шинээр бий болгожээ. Мөн гадаад, дотоодын олон удаагийн үзэсгэлэн худалдаанд бизнес эрхлэгчдээ оролцуулан, ашиг орлого, бизнесийн түншлэлийн хүрээгээ өргөжүүлэх, туршлага судлах боломжоор хангасан амжилттайгаар Дэлхийн бизнес инкубаторуудын өдрийг угтаж байна гэлээ.
Зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатарын зөвлөх М.Энхмэнд оролцсон. Тэрбээр, шинэчлэн боловсруулж буй Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төслийн талаар зарим мэдээллийг өглөө.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад БНЭУ-ын Засгийн газрын харьяа Жижиг, дунд үйлдвэрлэл, ур чадварын хөгжлийн яамны “NIESBUD” институтын профессор ноён Сингх оролцож тус улсад бизнес инкубаторыг хэрхэн хөгжүүлж, эдийн засагтаа эерэг нөлөө үзүүлсэн талаар туршлага хуваалцсан бол ОХУ-ын Эрхүү мужийн Хөрөнгө оруулалтын хөгжлийн агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга Антон Просекин эхлэлийн бизнесийг төрөөс хэрхэн дэмждэг талаар илтгэл тавьж, цаашид хоёр орны бизнес инкубаторууд хамтран ажиллах таатай нөхцөл бүрдэж буйд талархаж байгаагаа илэрхийлсэн. Мөн бизнес инкубаторыг хөгжүүлэх арга зам, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны талаар уулзалтад оролцогчид мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооны гишүүн 17 аймаг, есөн дүүргийн бизнес инкубатор, бизнесийн хөгжлийг дэмжих төвүүдийн сургагч багш нарын төлөөлөл оролцлоо.
Б.БАТ