“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” хурал эхэллээ

“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” хурал эхэллээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдвээр өнөөдөр /2017.12.18/ Төрийн ордонд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүд, шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрдэм шинжилгээний хурлын ажиллагааг нээж хэлсэн үгийнхээ эхэнд улс орон, ард иргэдийн ирээдүй хойчид хамаатай, нэн чухал асуудлыг хөндөн ярилцахаар эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Их Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдэд талархал илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Монгол Улсын анхны Үндсэн хууль 1924 онд батлагдсан. Ингэснээр Монгол Улс Ази тивдээ анхны Үндсэн хуультай орон болсон гэж эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. Төрийн байгууллагуудын тогтолцоог бүрдүүлж, улсынхаа бүрэн эрхт байдлын үндсийг тунхагласанд энэ хуулийн түүхэн ач холбогдол оршино. Түүний дараа 1940 онд Монгол Улс хоёр дахь Үндсэн хуулиа батлан гаргаж, 1960 онд томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.

Үндсэн хуульдаа хийсэн эдгээр өөрчлөлт бүхэн Монголын нийгмийн харилцаанд дэвшил хөгжил авчирч байсныг түүх гэрчилнэ.

1992 онд баталсан шинэ Үндсэн хууль Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бататгаажуулж, нийгэм, төрийн байгууллын ардчилсан үндэс тулгуурыг бататган, хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж, төрийн байгууламж, засаг төрийн эрх мэдлийн хуваарилалт, түүний байгууллагын болон нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлж, Үндсэн хуулийг сахин хамгаалах хяналтыг тогтоосон юм.

Шинэ Үндсэн хууль маань улс Монголынхоо өнө мөнх оршихуйн улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, оюуны үндсийг бэхжүүлж хүнийг, түүний эрх, эрх чөлөөг дээдэлснээрээ өмнөх Үндсэн хуулиудаас ялгаатай бөгөөд үзэл баримтлал, суурь зарчмын хувьд ардчиллыг тунхагласнаараа онцгой ач холбогдолтой юм. Нөгөө талаар энэхүү Үндсэн хууль Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн эрхэм дээд тунхаг бичиг байсан гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг билээ.

Өнгөрсөн 25 жилд Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд гарсан өөрчлөлт, дэвшил хөгжлийн чиг баримжаа, олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд нь шинэ Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, үндсэн зарчмууд зөв байсныг батлан харууллаа. Тиймээс 1992 оны шинэ Үндсэн хуулийн ач холбогдол, үнэ цэнэ маргах аргагүй өргөн цар хүрээтэй юм гэдгийг онцлов.

Гэхдээ нийгэм хөгжиж, олон талт харилцаа нарийсан гүнзгийрэхтэй зэрэгцэж, өөрчлөгдөн шинэчлэгдэх зайлшгүй шаардлага аливаа хуульд тулгардаг. Шинэ Үндсэн хууль маань ч энэ замыг тойрсонгүй. Тодорхой асуудлуудаар нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болсон талаар сүүлийн 10 гаруй жилд байнга санал гарах болсон. Улсын Их Хурал дээр л гэхэд үүнээс өмнө 4 удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байв. Тиймээс эдгээр санал, дүгнэлтэд тулгуурлан хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал хөндөж байгаа юм гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлон дурдаад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажилд энэ удаагийн Улсын Их Хурал онцгой ач холбогдол өгч, “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар хандаж байгааг миний бие өмнө нь илэрхийлж байсан билээ.

Улсын Их Хурлаас Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталж, өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар иргэдийнхээ төлөөлөлтэй зөвлөлдөж, саналыг нь авсан. Санал асуулгын үр дүнг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс зөвлөмж гарган Улсын Их Хуралд ирүүлсэн. Уг зөвлөмжид үндэслэн Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын даргад өргөн барьсан юм.

Улсын Их Хурлаас төслийг олон нийтээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Тогтоол баталсан. Үүний дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас төслийг хэлэлцүүлэх Дэд ажлын хэсгийг байгуулж, улс орон даяар 21 аймаг, 53 сум, нийслэлийн 9 дүүрэг, төрийн байгууллагуудад нийт 68 удаагийн бүсчилсэн сургалт, хэлэлцүүлгийг 2 сарын хугацаанд зохион байгуулж, дүнгээ гаргаад байгаа талаар тоорхой баримтуудыг дурдав.

Иргэдийнхээ өгсөн эдгээр санал, эрдэмтэн судлаачид, Үндсэн хууль тогтоогчид, улс төрийн хүчнүүдийн байр суурь, дүгнэлтэд тулгуурлан төслийг ойрын үед эцэслэн боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Улмаар хуулийн төслийг парламентаар нухацтай хэлэлцэх болно гэдгийг Улсын Их Хурлын дарга эцэст нь онцлон дурдлаа.

Дараа нь эрдэм шинжилгээний хурал хөтөлбөрийн дагуу үргэлжилж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүн Л.Болд даргалж байна.

Эрдэм шинжилгээний хурлаар эхлээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, уг төслийг улс орон даяар олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн талаарх Улсын Их Хурлын Ажлын хэсгийн мэдээллийг сонсох юм. Энэ чиглэлээр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан “Улсын Их Хурлын Ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал” сэдвээр танилцуулга хийх бол Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Улсын Их Хурлын Ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн байдал, олон нийтийн санаа бодол” сэдвээр мэдээлэл хийх юм.

Бүтэн өдөр үргэлжлэх энэхүү эрдэм шинжилгээний хурлаар “1992 оны Үндсэн хууль ба түүний хэрэгжилтээс үүдэн гарч буй үр дагавар”, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол, арга зүйн асуудлууд”, “Үндсэн хуулийн шинэчлэлийн зарим асуудлууд”, “Үндсэн хууль дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт ба эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах асуудлууд”, “Үндсэн хууль дахь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага ба төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгох асуудал” гэсэн таван багц сэдвийн хүрээнд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич Ж.Амарсанаа, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа нарын зэрэг нэрт эрдэмтэд, Ц.Сүхбаатар, Т.Доржханд, Б.Гүнбилэг, Б.Мандахбилэг, О.Мөнхсайхан, Д.Гангабаатар нарын эрдэмтэн судлаачид хавсралт илтгэлүүд тавьж хэлэлцүүлэх юм. Мөн Үндсэн хуулийн түгээмэл болон үндэсний онцлогууд, Үндсэн хуульд оруулах шаардлагатай нэмэлт, тодотголууд, Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлуудаар улс төрийн зарим намын төлөөлөл болон судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэхээр хөтөлбөрт тусгагджээ.

Эрдэм шинжилгээний хуралд оролцогчид эрдэмтэн судлаачдын тавьсан илтгэлүүдтэй холбогдуулан хэлэлцүүлэг өрнүүлж, байр сууриа илэрхийлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж