“Эрдэнэт”-ийг дахин нэг жаранд ашиглах боломж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийг дахин нэг жаранд ашиглах боломж байна

“Эрдэнэт”-ийг дахин нэг жаранд ашиглах боломж байна

Хөдөлмөрийн аюулгүй байдал, норм стандартыг амны уншлагаа болгосон “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаад ирлээ. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад баялгаа олборлодог уурхайн овоолго нь улам гүнзгийрч, ил биш, далдаас хүдрээ гаргаж авдаг болжээ. Олборлосон баялгаа үйлдвэр рүүгээ хүнд даацын машинаар зөөж, дараа нь хүдрээсээ зэс, молибдений баяжмалаа гаргаж авахын тулд шигшиж харагдана. Нэг цаг байтугай нэг хором л анхаарал алдвал үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож, эдийн засгийн алдагдалд орох аюултай гэв. Мэргэжлийн хүн биш болохоор нэг хараад үйлдвэрийн технологи дарааллыг ойлгоход бэрх байлаа. Дөрвөн жилийн өмнө орос инженер үйлдвэрээ танилцуулаад, зааварчлаад явдаг байсан бол өнөөдөр монгол инженер бүгдийг удирдаад явж байна. Энэ бол “Эрдэнэт” хамтарсан бус үндэсний үйлдвэр болсны нэг илрэл.  Тэд жилд 130 сая тонн зэс үйлдвэрлэж, хоногт 80-90 тонн хүдэр, 1700-1800 тонн зэсийн баяжмал, 12-15 тонн молибдений баяжмал гаргаж авдаг. Ингээд хоногт 30 вагон зэсийн баяжмалыг экспортод гаргадаг гэдгээ “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн дарга Т.Батмөнх хэлэв.


Цахилгаан машин, ухаалаг гар утас гээд технологийн хөгжил сар, жилээр биш цаг, минутаар өсөн дэвжсээр байна. Технологийн хөгжлөө дагаад хүмүүс ч эдийн засагт хэмнэлттэй бүтээгдэхүүн сонгодог болоод удлаа. Эндээс зэс, молибдений хэрэглээ цаашид ямар их эрэлттэй болохыг харж болно. Учир нь дэлхий нийтээрээ хэрэглэх “ухаажсан” технологийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх гол түүхий эд нь зэс аж. Таны, миний хэрэглэж буй гар утас, унаж буй машиныг бүтээхэд ашигласан түүхий эдийг Монгол Улс 40 жилийн өмнөөс үйлдвэрлэж эхэлсэн юм. Цаашид дахин нэг жаран ч үйлдвэрлэх боломж бийг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлж байна. Гол нь бүтээгдэхүүнээ гаргаж авдаг гол хүдрийн баялгийнхаа нөөцийг шинэчлэн тогтоож, элэгдэлд орсон үйлдвэрийн техник, технологио шинэчлэх шаардлагатай гэнэ. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн одоогийн нөхцөл, цаашдын хувь заяа амаргүй байна. Гэхдээ ямартай ч хамтарснаас үндэсний үйлдвэр боллоо. “Эрдэнэт” үйлдвэрийг гэр бүл гэж харвал ерөнхий захирал би хүү нь юм. Компанийн хувийг хуваан эзэмшиж буй Засгийн газар, “Монгол зэс” компани бол аав, ээж нь. Хүү нь болсон би хариуцсан ажлаа л сайн биелүүлнэ. Аав, ээж нар шийдвэрээ гаргаад явна. Гэхдээ 51 хувийг нь эзэмшдэг төр бодлогоо боловсруулж, удирдаад явах нь зөв” хэмээн ярилаа.

"Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал Х.БАДАМСҮРЭН

Үйлдвэрийн шинэчлэлээ гадны компаниудаас шалгаруулж, шилдгээр нь хийлгэх төсөл боловсруулжээ. Гэхдээ мэдээж ажлын үнийн саналыг харгалзана. Төслийг сонссон 15 улсын 40 гаруй компанийн төлөөлөл Монгол Улсад ирж, өөр өөрсдийн бүтээгдэхүүн, хийж гүйцэтгэх ажлын хөлсөө танилцууллаа. Хөрөнгө оруулалтын ажил дөнгөж санал төдийнхнөөр яригдаж буй учир чухам ямар технологийн шинэчлэл хийх, аль улсын ямар компаниас хөрөнгө оруулалт татах зэргээ “Эрдэнэт” үйлдвэрийнхэн тодорхой ярьсангүй.  

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын тухайд “Эрдэнэт” үйлдвэрийн техник, технологийн шинэчлэх асуудалд хянамгай хандахаа онцоллоо. Шинэчлэл нэрээр нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчих вий гэсэн болгоомжлол түүнд байгаа аж. Тиймээс хөрөнгө оруулалт, шинэчлэлээ хаанаас эхлэх вэ гэдгээ сайн ярилцаж, тодорхойлно гэнэ. Тэрбээр “Үйлдвэрийн дотоод журам ямар байхаас хамаарч хамтдаа ярилцана. Нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай эсэх. Тус үйлдвэрийн цаашдын ажиллагаа урт хугацаанд жигд байгаасай гэж хүсдэг. Тиймээс нэгэнт шинэчлэлийг хийх гэж байгаа бол одоогийн үйлдвэрлэлийг бүтээмжийг нэмэгдүүлсэн зардлыг багасгасан, хаягдал гаргахааргүй тэргүүний технологийг сонгоно. Ийм шаардлагыг хөрөнгө оруулагчдад тавина. Гэхдээ үнийн санал давхар яригдана. 100 ам.долларыг нэг нугалаад 200 ам.доллар гэсэн үнэ санал болговол хүлээж авахгүй. Худалдааны компани орж ирнэ. Тэр дундаас шигшиж байж зөв үнийг тавих ёстой. Өндөр үнэтэй технологиос гадна үнэ харна” гэсэн юм.  

Уул уурхайн гол түүхий эдүүдийн зах зээлийн ханш ойрын хоёр жилдээ тогтвортой байж, түүнээс олох орлого ч чамлахааргүй хэмжээнд байх прогноз ажиглагдаж буйг хөрөнгө оруулагчид онцлов. Нүүрс, алтны хувьд барьцгүй ч нэг тонн зэсийн үнэ 6500 ам.доллараас буухгүй, өсөх аж. Эрэлтээ дагаад өссөн түүхийн эдийн ханш тогтвортой үед зөв тоглолт хийж хөрөнгө оруулагчдыг татаад зогсохгүй одоогийн уул уурхайд түшиглэсэн үйлдвэр, төслөө эрчимжүүлэх шаардлагатай гэж салбарынхан нь тооцжээ. Энэ ажлын эхлэл болсон “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж”  олон улсын бизнес форум арванхоёрдугаар сарын 13-14 ний өдрүүдэд Орхон аймагт боллоо.

ИРГЭДИЙН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН КОМПАНИ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХҮЛЭЭЖ БАЙНА

Үүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглаад орхисон овоолго шороо дээр дахин  үйлдвэрлэл явуулдаг дотоодын компаниудыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар дэмжиж ажиллахаа хэлж байна. Гол нь иргэдийн оролцоотой хувьцаа босгоод явж буй компаниуд техник эдийн засгийн үндэслэлээ мэргэжлийн түвшинд гаргаж, үйлдвэрлэлийн стандартыг барьж ажиллах шаардлагатайг санууллаа. Хэрэв мэргэжлийн багаа бүрдүүлээд овоолгыг ашиглан стандартад нийцсэн үйлдвэрлэл явуулах гэтэл хөрөнгө дутвал төр дэмжиж ажиллана гэдгээ Д.Сумъяабазар сайд хэлэв.

Одоогоор  “Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг ашиглан зэс үйлдвэрлэж буй гурван компани байна. “Эрдэнэт”, “Ачит эх” компаниуд хатуу нөхцөлтэйгөөр гаднаас 35-40 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж, 2021 он хүртэл эрэлттэй байгаа цахилгааны катодын утсыг үйлдвэрлэж буй аж.

Харин  “Зэс эрдэнийн хувь” компанийн тухайд хөрөнгө оруулалтаа хүлээж байна.  24500 хувьцаа эзэмшигчтэй тус компанийг зөвхөн орон нутгийн иргэд нийлж байгуулжээ. 2010 онд байгуулагдсан тус компанийн тухайд хөрөнгө оруулалтаа амжилттай татаж чадвал орон нутгийн хувьцаа эзэмшигч иргэдийн амьжиргаанд таатай боломж нээгдэхийг хувьцаа эзэмшигч иргэд онцлов.

“Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг түшиглэн үйлдвэрлэж буй катодын зэсийн чанарын хувьд импортоор орж ирдэг урд хөршийн бүтээгдэхүүнээс илүү чанартай аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж