Жүдочид оны төгсгөлийг амжилттай дуусгав

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

Жүдочид оны төгсгөлийг амжилттай дуусгав

Жүдочид оны төгсгөлийг амжилттай дуусгав

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг энэ оны сүүлийн тэмцээн ОХУ-ын Санкт-Петербург хотноо өнгөрөгч амралтын өдрүүд боллоо. 200 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд чансаа өндөр жүдочид урилгаар оролцдог бөгөөд манай 14 жүдоч уригдан оролцсоноос хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэнээс гадна шагналт байранд таван бөх орж, багийн дүнгээр Япон, Гүрж, ОХУ-ын дараа дөрөвдүгээр байрт жагсав.

Эхний өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа дөрөв дэх удаагаа түрүүлж, нэгэн хосгүй амжилтын эзэн болсон. Э.Сумъяа Унгар, Германы бөхчүүдийг ялж, хагас шигшээд БНСУ-ын Квон Юү Жог ялснаар финалд Японы Т.Ёшидатай барилдсан. Хоёр бөхийн аль аль нь үндсэн цагт оноо авч чадаагүй бөгөөд нэмэлт цагт манай бөх өрсөлдөгчөө торгуулиар ялсан. Энэ оны дэлхийн аваргын финалд хоёр бөх таарахад Э.Сумъяа ялж байсан билээ. Э.Сумъяагийн хувьд тус тэмцээнд түрүүлснээр өөрийн тэргүүн чансаагаа хадгалж үлдлээ. Түүгээр зогсохгүй дэлхийн шилдэг жүдочдын ‘Мастерс’ тэмцээнд дөрөв дэхээ түрүүлсэн анхны жүдоч боллоо. 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, жиндээ тэргүүлсэн хэвээр үлдлээ. Түүний хувьд энэ жил нийт есөн тэмцээнд оролцоход бүгдээс нь медальтай иржээ. Дэлхийн чансааг тэргүүлэхийн тулд тэрбээр чамгүй олон барилдааныг хийсэн бөгөөд олон улсын дэвжээнд 31 барилдаанаас 25-д ялалт байгуулж чаджээ. Тэрбээр сүүлийн тэмцээнээс хүрэл медаль хүртэж, өөрийн тэргүүн чансаагаа хадгалж үлдэх боломжтой болсон юм.

Мөн эхний өдөр 63 кг-д Б.Мөнгөнчимэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы Нами Набекүрад дийлдэж, шагналт V байр эзэлсэн юм.

Эрчүүдээс 66 кг-д Г.Хэрлэн аваргын алтан медалийг хүртсэн бол 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин хүрэл медаль хүртэж, 73 кг-д Г.Одбаяр шагналт V байр эзлэв.

Ийнхүү эхний өдөр хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэн баг тамирчдын амжилтыг хоёр дахь өдөр ахиулж чадаагүй ч гурван бөх шагналт байранд орсон юм. Эрэгтэйчүүдийн 81 кг-д саяхан Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн О.Ууганбаатар, хүрэл медальт Н.Давгасүрэн нар барилдсан бол 90 кг-д Г.Алтанбагана, +100 кг-д Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр нар хүч үзлээ. Манай жүдочдоос Н.Давгасүрэн долдугаар байр эзэлсэн бол +100 кг-д Б.Тэмүүлэн шагналт V, Ө.Дүүрэнбаяр шагналт VII байр эзлэв. 

46 орны 212 жүдоч оролцсоноос Японы баг тамирчид 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Гүрж, ОХУ, Монгол удааллаа. Зөвхөн жин тус бүрийн тэргүүн 16 бөх уригддаг “World Masters” тэмцээнээс 19 орны жүдочид ямар нэгэн медаль хүртжээ.

Жин тус бүрт түрүүлсэн жүдоч 1800 оноог авах бол дэд байр 1260, гуравдугаар байр 900, тавдугаар байр 648, долдугаар байр 468 оноог өөрийн чансаанд нэмэх юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж