Солонгосын хойгт дайн гарч болзошгүй байна

Хуучирсан мэдээ: 2017.12.18-нд нийтлэгдсэн

Солонгосын хойгт дайн гарч болзошгүй байна

Солонгосын хойгт дайн гарч болзошгүй байна

Солонгосын хойгт дайн болох эрсдэл хэзээ хэзээнээс ч илүү байгаагаас бямба гаригт Хятадын засгийн газрын зөвлөхүүд болон чөлөөнд гарсан армийн офицерууд ийн анхааруулсан байна. Саяхан болтол Пхеньяны чухал холбоотон гэгдэж байсан Хятад олон улсын шахалт, эдийн засгийн асуудлаас болж солонгос хөршөөсөө аажмаар улс төр, худалдааны харилцаагаа тасалсан юм. Харин үүний төлөөсөнд Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг хяналтаасаа алдаж байгаа билээ.

Хятадын төрийн зөвлөлийн зөвлөх, үндэсний их сургуулийн олон улсын харилцааны сургуулийн профессор “Солонгосын хойгт үүссэн нөхцөл байдал өнгөрсөн гуч дөчин жилд байгаагүй дайны эрсдэлийг бий болгож байна” гэжээ.

Бямба гаригт Бээжин хотод болсон Солонгосын хойгийн асуудлаарх зөвлөгөөн дээр тэрбээр “АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хоёр нэгнээ хорхойтой шүдэндээ зуусан. Хятад улсын хувьд энэ асуудалд хэтэрхий оройтсон. Хойд Солонгос бол хэзээ мөдгүй тэсрэхэд ойрхон буй бөмбөг. Бид асуудлыг хойш тавьснаараа бөмбөгийн тэсрэх хугацааг л хойшлуулна” хэмээн ярьсан байна.

Тус зөвлөгөөнд оролцсон Нанжинь цэргийн тойргийн дэд командлагч байсан Ван Хон Гуан Солонгосын хойгт дайн хэзээ ч дэгдэж магадгүй тул зүүн хойд бүс нутагт батлан хамгаалах хүчээ бэхжүүлэх нь чухал. Хамгийн эрсдэлтэй үе нь арванхоёрдугаар сараас ирэх оны гуравдугаар сар гэжээ.

Хятадын гадаад харилцааны яамны дэргэдэх олон улсын судалгааны хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Ян Сью “Солонгосын хойгт өнгөрсөн 50 жилийн хугацаанд байгаагүй эгзэгтэй нөхцөл байдал үүсээд байна. Энэ бүс нутагт дайн дэгдсэн ч эс дэгдсэн ч бай, Хятад улс нөхцөл байдлыг хяналтандаа авч, нөлөөлж, ядаж энэ асуудал дээр шийдэмгий дуугарч чадахгүй байгаа нь харамсалтай” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгостой хиллэдэг Хятадын Жилинь мужийн орон нутгийн сонин оршин суугчдад цөмийн довтолгоо болсон тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай бүтэн нүүр зөвлөгөө, зааварчилгаа нийтэлсэн нь аюул ойрхон буйн дохио юм.

АНУ-Хойд Солонгосын цөмийн дайсагналцлыг зогсоох арга зам бий юу?

“Пхеньян Вашингтоны хооронд шууд хэлэлцээ явуулахыг Москва дэмжиж, зуучлахад бэлэн хэмээн ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавров мэдэгдсэн билээ.

Харин Хятад ОХУ-ын энэ саналыг дэмжиж, хүлээж авсан. Хятадын гадаад харилцааны сайд Гэн Шуань “Бид талуудын хичээл зүтгэлийг дэмжиж байна. Тэр дундаа энхийн хэлэлцээ явуулах тухай ОХУ-ын санаачилгыг дэмжиж байна” гэсэн юм. Аравдугаар сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Си Жиньпиний илгээсэн тусгай төлөөлөгчийг хүлээж авалгүй буцаасан нь Бээжин Пхеньяны харилцаанд сэв суусныг гэрчилсэн. Бээжин одоо Солонгосын хойгт дайн дэгдэнэ гэдэгт бараг эргэлзэхгүй байгаа бөгөөд энэ нь зөвхөн цаг хугацааны асуудал гэж үзэж байгаа ажээ.

Өнгөрсөн долоо хоногт Хятад Хойд Солонгостой хил залгаа Жилинь мужид дүрвэгсдийн таван хуаран байгуулахаар төлөвлөж буй тухай мэдээлсэн.

Хятадын армийн албан тушаалтнууд Хойд Солонгосын цөмийн туршилтууд энэ бүс нутагт геополитикийн тогтворгүй байдал авчрахыг анхааруулж байгаа юм.

Нанжинь их сургуулийн профессор Жу Фэн “Ямар ч тохиолдолд бид пуужингийн довтолгоо, цөмийн дэлбэрэлт, гамшиг сүйрэлд сэтгэлзүй, практикийн бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэжээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өнгөрсөн долоо хоногт Вашингтон Пхеньянтай ямар ч урьдчилсан нөхцөлгүйгээр яриа хэлэлцээ хийхэд бэлэн хэмээн мэдэгдсэн ч Цагаан ордон тэр даруй тайлбар хийж, Пхеньяныг цөмийн хийрхэлээ зогсоохоо нааш хэлэлцээний ширээнд суухгүй гэсэн билээ.

Харин НҮБ дахь Хойд Солонгосын төлөөлөгч Жа Сун-нам баасан гаригт болсон Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Пхеньяны цөмийн хөтөлбөр бол улсаа батлан хамгаалахад зайлшгүй ч чухал хэмээгээд энэ зорилгодоо хүрэхэд нь АНУ, Япон, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл саад хийхээр оролдож байгааг буруутгасан юм.

Хятадад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ-ин Хятадын дарга Си Жиньпинтэй уулзахдаа “Солонгосын хойгт дайн гаргахыг зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж