МАН-ынхан байгуулсан Засгийн газраа огцруулж шинийг байгуулаад хоёр сар өнгөрч байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа авсныхаа дараа “өвлийн хүйтэнд сандал ширээ зөөхгүй, халаа сэлгээ хийхгүй” гэж мэдэгдэж байсан бол өнгөрсөн долоо хоногоос эхлэн яам, агентлаг хөдөлгөөнд орж эхэлжээ.
Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийнэ гэх “бор шувуу” сарын өмнө саарал ордонд нисч эхэлсэн. Тэгвэл халаа сэлгээний тэргүүн эгнээнд Төрийн нарийн бичгийн дарга нар өртөж байна.
Тодруулбал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Баяртулга нь гадаадад суралцахаар болсон тул өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэх мэдээлэл бий. Тэгвэл Ж.Болормаа нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд даргаар ажиллаж байгаад гурван сарын өмнө Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод байсан юм.
Үүнээс өмнө хийгдсэн хамгийн “сенсааци”-лаг томилгоо бол Цагдаагийн ерөнхий газартай холбоотой. Учир нь, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “цагдаагийн даргыг цагийн дотор солино” гэж мэдэгдэл хийснээс таван минутын дараа Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ө.Энхтөрийг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн билээ. Түүний оронд Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржавыг томилсон бол хурандаа Ө.Энхтөрийг Хууль, сахиулахын их сургуулийн захирал болгов.
Мөн Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Гэрэлийг түүний оронд томилов. Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболдын томилолтын хугацаа дууссан учир эгүүлэн татаж, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилоод байна.
Түүнчлэн Ашигт малтмал газрын тосны газрын дарга Д.Баатарцогтыг ажлаас нь чөлөөлж, Х.Хэрлэнг тус албан тушаалд томилов.
Яам, агентлаг, газрын даргыг сольж эхэлсэн дээрх шийдвэрийг ‘хоёрдугаар ээлжийхэн хөдөлж эхэлжээ’ гэж цахим ертөнцөд дүгнэж байна.
Т.НОМИН