Дуулиант бичлэг шударга ёсыг нэхэж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.17-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Дуулиант бичлэг шударга ёсыг нэхэж байна

Дуулиант бичлэг шударга ёсыг нэхэж байна

Тагнуулын ерөнхиий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг БНСУ-д Монгол улсыг төлөөлөн суух Элчин сайдаар томилохыг УИХ-ын өнгөрсөн Баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар дэмжлээ. Шоглоомтой нь Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг дэмжиж байх үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Б.Хурцыг Элчин сайдаар томилж болохгүйг нотлох зорилготой нийтийн сонсголыг Төрийн ордонд зохион байгуулж байлаа. Тагнуулын байгууллагыг ахалж байсан хүний хувьд асуудлыг нь хаалттай хэлэлцэх ёстой гэсэн гишүүн О.Баасанхүүгийн саналаар Б.Хурцын томилгоо олон нийтээс хаалттай нөхцөлд явагдлаа.

Б.Хурцын томилгоотой зэрэгцэн бас нэг шуугиан энэ өдөр дэгдсэн нь хүчингийн гэмт хэргийн золиос болсноо илчилсэн охины бичлэг байлаа. Бараг нэг цаг гаруй үргэлжилсэн энэ бичлэг нь арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хийгдсэн бөгөөд сошиал сувгаар тэр дороо цацагдсан ч 5-6 цагийн дараа устгагдсан. Хэдий устгагдсан ч үзсэн хүмүүс аль хэдийнэ хадгалан шэйрлэж үзэх ёстой хүмүүс нь үзчихээд байсан юм. Харин энэ өдөр уг бичлэгийг сошиалаар болон сайтуудаар идэвхтэй түгээсэн нь нэг шуугианыг нөгөөгөөр дарж, олны анхаарлыг өөр тийш хандуулах гэсэн тактик байж болох юм гэсэн хардлагыг төрүүлж байна.

Охины хөндсөн асуудал маш ноцтой. Энэ сэдэв 60 тэрбум, Доржзодов, Хурц гэсэн сэдвүүдийн дэргэд дэлбэрэх бөмбөг л гэсэн үг. Энд мансууруулах бодисын хэрэглээ, хүчингийн гэмт хэрэг, танхайн гэмт хэрэг, хуулиар гадуур амьдрагсдын тухай баримтууд дэлгэгдэж байна. Охин энэ бичлэгээ эцэг эхтэйгээ зөвшилцөж хийсэн эсэхийг мэдэхгүй ч ямар ч гэсэн охины эцэг Д.Ганхуяг “Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд Та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна” гэсэн мессежийг амралтын өдрөөр жиргэсэн байсан. Бичлэгийг тойрон олон янзын байр суурь хөвөрч байна. Охиныг зөвтгөсөн, буруутгасан, баячуудыг үзэн ядсан, үүнийг далимдуулж хүчирхийлэлд уриалсан гээд. Хэн нь ч буруутай байлаа гэсэн энэ бичлэг шударга ёсыг, хууль хэрэгжүүлэхийг нэхэн “орилж” байна.

Энэ бичлэг үнэн бодитой эсэх талаар албан ёсны мэдээлэл одоогоор алга байна. Үнэн байлаа гэхэд олон зүйлийг бидэнд хэлж байна. Баялгийн тэгш бус хуваарилалтыг даган Монголын нийгэм туйлын ядуу, туйлын баян гэсэн хоёр хэсэгт аль хэдийнэ хуваагдсаныг энэ бичлэг нотоллоо. Насанд хүрээгүй хүүхдүүд “Блю Скай”-д төрсөн өдрөө тэмдэглэж, ууж согтууран, гэмт хэрэг бүлэглэн хийж, цагдаад очсон ч бүгд хуулийн хариуцлагаас мултарчээ. Хууль сахиулагчдыг мөнгөөр хахуульдах чадваргүй айлын хүүхдүүд төрсөн өдрөө хаа нэг хямдхан зочид буудалд тэмдэглээд ийм хэрэгт орооцолдон цагдаад очсон бол цагдаа, хэвлэлийнхэн нь сүр дуулиантайгаар мэдээлж, хүүхдүүд бүгд шүүхээс ял авчихсан байх байлаа.

Хааж хориод байдаг мансууруулах бодис чинь мөнгөтэй хүмүүсийн, тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүдийн төрсөн өдрийн даруулга болсон байна. Сүүлийн гурван жилийн дотор мансууруулах бодистой холбоотой хэрэг бараг гурав дахин өссөн судалгааг өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн яам мэдээлсэн. Мансууруулах бодистой өнөөг хүртэл тэмцэж ирсэн стратег, тактик үр дүнгээ өгөхгүй байгааг энэ бичлэг харуулж байна.

Тагнуулын ерөнхий газрын дарга нь “чамайг унтаж байхад оронд чинь алж чадна” гэж намайг сүрдүүллээ хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан хориод хоногийн өмнө мэдэгдсэн. Тэгвэл ийм том хэргийг илчилсэн охин, тэдний гэр бүлийн аюулгүй байдлыг хэн хангах вэ? Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 60 тэрбумыг илчилсэн Д.Доржзодов АНУ-ын иргэний гэрт нуугдсан нь шударга байж чаддаггүй манай тагнуул, хуулийнхнаас л амиа хамгаалсан хэрэг байсан.

Уг нь шударга ёс бол нийгмийн оршин тогтнох үндэс болох учиртай. Харамсалтай нь,  зөвхөн өөрийн эрх ашигт “нийцүүлсэн” шударга ёсыг тунхаглагчид дээд түвшиндээ дэндүү олширсноос энэ үг өнөө цагт үнэ цэнээ алдаад байгаа юм. Харин өөрийгөө илчилсэн охины нэхэж байгаа шударга ёс бол ямар ч эрх ашиггүй шударга ёс.

Дорнын гүн ухаанд “буруу хэрэг хийсэн хүнийг заавал шийтгэх ёстой, буруу хэрэг хийсэн хүн шийтгэлгүй үлдвэл ертөнц хаос болох болно” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шударга ёс алдагдвал хаост орно гэсэн үг. Хаос нь “хоосон, гүн ангал” гэсэн грек үгнээс үүдэлтэй. Өнгөрсөн зуунаас энэ үгийг нийгмийн төлөв байдалд хамааруулан замбараагүй, ямар нэг удирдлагагүй гэсэн утгаар хэрэглэх болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж