Зүүнхараад зогсох галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2017.12.17-нд нийтлэгдсэн

Зүүнхараад зогсох галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлажээ

Зүүнхараад зогсох галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлажээ

Сэлэнгэ Мандал сум буюу Зүүнхараагийн төвийн гурван хороонд малын шүлхий өвчин гарсантай холбогдуулан тус суманд арваннэгдүгээр сарын 16-аас эхлэн хорио цээрийн дэглэм тогтоосон.

Мандал сумаас автомашинтай орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байсан бол галт тэрэгний хөдөлгөөнийг мөн хязгаарласан байна. 

Тодруулбал, Улаанбаатараас Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлд зорчиж буй галт тэрэг Зүүнхараад зогсохгүй болжээ. Ингэхдээ зөвхөн Улаанбаатар-Зүүнхараагийн чиглэлд тусгай галт тэрэг зорчуулж байгаа бөгөөд энэ талаар албаны хүн дараах мэдээллийг өглөө. 

УБТЗ-ийн Тээврийн хяналтын албаны дарга Н.Адъяа:

-Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн чиглэлд зорчиж буй галт тэрэг тус өртөөнөөс зорчигч авах, буулгах үйлчилгээ үзүүлэхгүй,  зөвхөн Улаанбаатар-Зүүнхараа-Улаанбаатарын чиглэлийн галт тэргийг тусгай үйлчилгээнд гарган, зогсоож байгаа. Зүүнхараад очиж байгаа галт тэрэгний үйлчилгээнд ариутгалын бодисыг хангалттай хэмжээнд гарган, халдваргүйжүүлэлтийг сайн хийж байна. Автомашин нь өөрөө халдвар тээгч болох эрсдэл өндөртэй учраас Зүүнхараа-Улаанбаатарын хооронд зөвхөн галт тэргээр орох, гарах боломжтой’ гэв.


Арваннэгдүгээр сарын 16-нд тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 1400-гаад үхрийг устгалд оруулжээ. Сумын хэмжээнд буюу шүлхий гарсан бүсэд нийт 3200 үхэр байгаа аж.  

Энэ талаар Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадоржтой утсаар холбогдож, мэдээлэл авлаа.

Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж:

Тэрбээр “Сумын хэмжээнд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна. 1400 орчим үхрийг устгалд оруулаад байна. Давтан шинжилгээ үргэлжилж байгаа. Хамгийн сүүлд үхэр устгалд оруулахаар ачсан цагаас эхлэн хорио цээрийн хоногийг тоолж эхэлнэ. Тэгэхээр ойролцоогоор нэгдүгээр сарын 20 хүртэл хорио цээрийн дэглэм үргэлжлэх байх.  Одоогоор сумын цэцэрлэгүүд ажиллахгүй байгаа. Бусад үйлчилгээ хэвийн. Аавтомашины орох, гарах урсгалыг бүрэн зогсоож, зөвхөн галт тэргээр шаардлагатай тохиолдолд гарах, орох ажлыг зохион байгуулж байна. Шаардлагатай хэрэгцээгээ сумын нөөцөөсөө хангаж байгаа болохоор одоогоор дутагдсан зүйл байхгүй” гэлээ.


Сумын хэмжээнд гарах, орох хоёр урсгалд камержуулсан халдваргүйжүүлэлтийн төхөөрөмж байрлуулсан учир орсон, гарсан хүмүүсийг ариутгах ажиллагааг хяналттайгаар зохион байгуулж байгаа гэж албаны хүмүүс үзэж байна. 

Шүлхийний тархалтыг бүрэн зогсоосон ч дахин бүх үхрийг шинжилгээнд хамруулах юм байна. Цаашид шүлхий тархахгүй байх, хамрах хүрээг тэлэхгүйн тулд дахин шинжилгээ авах нь зөв гэж аймгийн удирдлага үзжээ. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж