Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны анхны сайд Чин ван Мижиддоржийн Ханддоржийн нэрэмжит 27 дахь нээлтэй тэмцээн өчигдөр /2017.12.16/ боллоо.
Тэмцээнд чансаагаараа тэргүүлэгч шилдэг 128 шатарчин, тус яамны ажилтан, дипломат албаны шатарчид ур ухаанаа уралдуулснаас Их мастер Б.Гүндаваа түрүүлэв.
Олон улсын мастер Г.Мөнхгал дэд байр, фиде мастер Б.Баярмандах гуравдугаар байр, фиде мастер Б.Гарьдмагнай дөрөвдүгээр байр, фиде мастер С.Ган-Од тавдугаар байрт тус тус шалгарлаа.
Шагнал гардуулах ёслолд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Монголын дипломат академийн захирал, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат, Гадаад харилцааны яамны төрийн захиргаа удирдлагын газрын захирал Н.Анхбаяр, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Н.Түвшинтөгс, Дэд ерөнхийлөгч, Гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн, Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр нар оролцов.
Монголын шатрын холбооноос зохион байгуулсан оны отгон тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Г.Даваахүү ажилласан бол улсын шүүгч Ч.Мөнхбат ерөнхий шүүгчээр ажиллажээ.
Б.ЭНХ