Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн долоо хоногт /2017.12.12/ Тавантолгойн нүүрсний ордуудаас шинээр нүүрсний тээвэрлэлт хийхийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан билээ. Тавантолгойн ордуудаас “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи ресурс” зэрэг томоохон компаниуд нүүрс тээвэрлэж, Гашуунсухайт боомтоор БНХАУ-д экспортолж буй.
Өнгөрсөн тавдугаар сараас хойш БНХАУ-ын талаас экспортын нүүрсний нэвтрүүлэх тоог багасгаснаар нүүрс тээвэрлэсэн автомашины цуваа 120 км орчим үргэлжилсэн урт дараалал үүсгэсэн тул нүүрс тээвэрлэгч автомашины цувааг нэмэгдүүлэхгүйн тулд уурхайгаас ачилтыг зогсоосон гэж салбарын сайд тодотгож буй.
Нүүрсний ачилтыг зогсоосноор одоогоор 2800 орчим автомашин үлдэж, машины дарааллын үргэлжлэх зай 70 орчим км болж, багасчээ.
Гашуун сухайт боомтоор өдөрт дунджаар 500-600 нүүрс тээвэрлэсэн автомашин гарч байгаа аж. Үлдсэн 2800 орчим автомашин хилээр нэвтрэхэд 3-4 хоног болох байх гэдгийг албаныхан хэллээ. Үүний дараа удахгүй нүүрс тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэх боломжтой болох юм байна.
Ш.ЧИМЭГ