Улаанбаатар хотын аварга шалгаруулах мөсөнд авиралтын тэмцээн Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт өнөөдөр /2017.12.17/ болж байна.
ОУОХ 2020 онд Японы Токио хотноо болох XXX зуны олимпийн наадмын хөтөлбөрт бейсбол, софтбол, карате, скейтборд, спорт авиралт зэрэг спортын 5 төрлийг шинээр оруулах шийдвэр гаргасан. Тиймээс спорт авиралтыг Монголд хөгжүүлж, хичээллэгч, сонирхогчдын оролцоог нэмэгдүүлэхэд Монголын уулын холбоо сүүлийн үед онцгой анхаарал хандуулж байгаа. Үүний нэг нь өнөөдөр болж буй “Ice Challenge 2017” арга хэмжээ бөгөөд мөсөнд авирч, нохой чаргаар зугаалах, квадроциклээр давхих боломжийг оролцогчдод олгожээ.
Тэмцээнийг хурд, техникийн гэсэн хоёр төрлөөр зохион байгуулж байна. Насны хувьд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн гэсэн гурван ангилалтай. Тэмцээний зам, орчныг Монголын уулчдын үндэсний холбооны зөвлөл бэлтгэж, баталсан ба “Монголиан экспедишн” компани ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм.
Горхи, Тэрэлжийн цогцолборт байгуулсан энэ орчинд өвлийн аялал сонирхогчид цуглах онцгой боломж бүрдсэнийг зохион байгуулагчид онцоллоо.
Б.ЭНХ