Засгийн газар болон УИХ-аас өнгөрч буй долоо хоног нэг томилгоо хийж, хоёр хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Б.Хурцыг хаалттай хуралдаанаар томилов
БНСУ-д суух Элчин сайд Б.Хурцыг УИХ-ын чуулганы хуралдаанаас албан ёсоор томилов. Өнгөрсөн хоёр сар орчмын хугацаанд Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлын хэлэлцүүлэг хойшилж, УИХ-ын нэр бүхийн гишүүд Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийхийг шаардсан. Гэвч Нээлттэй сонсголын тухай хуульд “УИХ-аас томилогдсон албан тушаалтны асуудлаар нээлттэй сонсгол хийнэ” гэж заасан байдгийн дагуу УИХ, байнгын хороод нээлттэй сонсгол зохион байгуулах боломжгүй болсон юм. Тиймээс нээлттэй сонсгол зохион байгуулах санал гаргасан УИХ-ын гишүүд өөрсдийн эрхийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, Б.Хурцтай холбоотой асуудлаар өргөдөл гаргасан иргэдийн төлөөлөл болон өмгөөлөгч нарыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Түүний дотор УИХ-ын гишүүн асан, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар байсан юм. Тэрээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гадаадын иргэнээс 30 сая вонн авсан асуудлаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хийсэн үйлдэл гэж ярьсан. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон “Херо энтертаймент’-ын найруулагч Б.Баатар нарын бичлэгийг ч Б.Хурцыг тараасан хэмээн мэдэгдсэн. Нээлттэй хэлэлцүүлэгтэй зэрэгцэн УИХ-ын чуулган хаалттай хуралдаж, Б.Хурцыг томилсон юм.
С.Баярыг эргүүлэн татахыг дэмжив
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайд С.Баярыг эргүүлэн татах шийдвэрийг Засгийн газрын /2017.12.14/ хуралдаанаас гаргалаа. С.Баярыг Элчин сайдаар томилогдсоных нь дараа иргэдийн зүгээс оффшор бүсэд данстай гэх шүүмжлэл гаргаж, жагсаал цуглаан хийж, Элчин сайдаас чөлөөлөгдөхийг шаардсаар ирсэн. Үүний дараа буюу өнгөрсөн долдугаар сард Элчин сайд С.Баяр чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газарт ирүүлсэн байдаг. Удтал хэлэлцэхгүй явсны эцэст Засгийн газар ийн дээрх асуудлаар шийдвэр гаргалаа. Элчин сайдыг эгүүлэн татах шийдвэрийг УИХ-аар хэлэлцэж байж эцэслэдэг. Одоогоор УИХ С.Баярыг Элчин сайдаас эгүүлэн татах эсэх асуудлыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна. Сануулахад, УИХ 2016 оны арваннэгдүгээр сарын 16-нд С.Баярыг Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух Элчин сайдаар томилсон бол Элчин сайд С.Баяр 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Хатан xаан II Элизабетэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байжээ.
ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлөв
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Засгийн газрын хуралдаанаар /2017.12.14/ хэлэлцэн шийдвэрлэжээ. Тэрбээр гадаадад суралцахаар болсон тул ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм байна. Л.Баяртулгыг 2016 оны есдүгээр сайрын 21-ний өдөр ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилж байв.
“Монголын төмөр зам” ТӨХК шинэ удирдлагатай болов
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэлийг томилсныг энэ долоо хоногт мэдээллээ. Б.Цэнгэл нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд Дархан хотын 3 дугаар 10 жилийн дунд сургууль, 1990 онд хуучнаар ЗХУ-д Иванаво хотын Улсын Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар тус тус төгссөн.
Б.Цэнгэл нь 1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга, 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Зохион байгуулагч, 1997-1998 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Хуулийн зөвлөх, 2000 оны 01-06 дугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер, 2001 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга, 2001-2002 онд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга, 2002-2003 онд Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч, 2003-2006 онд Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга, 2006-2008 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, 2008-2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал, 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга, 2012 оны 01 дүгээр сараас 2012 оны 09 дүгээр сард Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд, 2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх, 2015 онд Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг тус тус гүйцэтгэж иржээ.
Ш.ОЧ