Өнөөдөр /2017.12.16/ Монгол улсын хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн, доктор профессор Монгол улсын гавьяат багш Чой.Лувсанжавын мэндэлсэн өдөр юм. Тэрбээр амьд ахуй цагтаа Монгол бичгийг сэргээн, төрийн бичиг болгох үйл хэрэгт идэвхтэй зүтгэж явсан төдийгүй Монгол бичиг бие даан сурах ном, монгол хэлний хадмал толь зэрэг олон ном зохиол, эрдэм шинжилгээний 300 гаруй ном, толь бичиг зэргийг 40 гаруйг Орос, Англи , Хятад, Япон Чех хэлээр бичин хэвлүүлж ард түмний хүртээл болгож байсан тухай үр хүүхэд, шавь нэр нь дурсаж байлаа.
Чой. Лувсанжавын нэрэмжит хэл иргэншлийн дээд сургуулийн 25 жилийн ойд зориулсан “Их багштан Чой.Лувсанжав ба Монгол судлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө.
Хэлэлцүүлэгт ХИДС-ийн оюутан залуучууд эрдэмтэн судлаачид зэрэг 60 гаруй хүмүүс цугласан юм . Мөн энэ үеэр 25 жилийн хугацаанд сургуулийн багш нарын гаргасан ном сурах бичиг зэрэг бүтээлүүдийг үзэсгэлэн хэлбэрээр дэлгэн тавьсан нь ирсэн зочдын сонирхлыг ихээхэн татаж байлаа.
Хэл иргэншлийн дээд сургуулийн /ХИДС/ захирал, доктор, профессор Лу.Соёмбо “ Жил бүрийн энэ өдөр аавынхаа мэндэлсэн өдөрт зориулж эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг. Энэ жил сургуулийн 25 жилийн ой тохиож байгаа гэдгээрээ ихээхэн онцлог байна. Өнөөдөр 15 эрдэмтэн судлаачид илтгэл тавилаа. Илтгэлүүд бүгд Монгол судлалтай холбоотой сэдвүүдийн хүрээнд тухайн эрдэмтэн 5-10 жилийн хугацаанд хийж байгаа судалгааныхаа дүнг нэгтгэсэн илтгэлүүд тавилаа” гэв. 25 жилийн өмнө Чой.Лувсанжав энэхүү сургуулийг байгуулахдаа Монголынхоо хойч үеийг монголоор нь байлгах, хүмүүжүүлэхийн төлөө сургалтын хөтөлбөр зэргийг өөрөө чиглүүлж зохиосон байдаг. ХИДС төгссөн төгсөгчид Монгол бичгийг академик төвшинд төгсдөг байна. Ринчен гуайн “Монгол бичгийг төрийн бичиг болгоод авбал, нэг учиртай юмсан даа” хэмээн үлдээсэн гэрээслэлийг 2025 оноос өмнө хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллана гэж байлаа.
Э.Бурам