“Монгол нийгэмлэг” 50 жилийн ойгоо тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

“Монгол нийгэмлэг” 50 жилийн ойгоо тэмдэглэв

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Олон улсын Монголч эрдэмтний Х их хурал” Улаанбаатар хотноо ёслол төгөлдөр нээлтээ хийж Монгол судлалын талбарт олон жилийн хичээл зүтгэлээ зориулж ирсэн 200 гаруй гадаадын эрдэмтэн чуулж байна. Мөн манай улсын шилдэг 100 гаруй эрдэмтэн тус хуралд илтгэл тавин оролцож байгаа юм.

Энэ удаагийн хуралд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэр бүхий Монголч эрдэмтэд болох АНУ-ын “Монгол нийгэмлэг”-ийн тэргүүн, Профессор Алисиа Кампи, Английн монголч эрдэмтэн, профессор Алан Ж.К.Сандерс, Олон улсын Монгол судлалын холбоо /ОУМСХ/-ны зөвлөлдөх товчооны гишүүн, Өвөрмонголын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Чойжи, Токиогийн Гадаад судлалын Их сургуулийн Ази, Африкийн хэл, соёл судлалын хүрээлэнгийн профессор Наками Тацүо, Осакагийн Гадаад судлалын Их сургуулийн хүндэт профессор Хашимото Масарү, Энэтхэгийн Олон улсын соёлын академийн ерөнхийлөгч, профессор Локеш Чандра, Боннын Их сургуулийн профессор Клаус Сагастер, Сорбоны Их сургуулийн профессор Жакюс Легранд, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн профессор М.И.Гольман, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн профессор В.Грайворонский, БНСУ-ын монголч эрдэмтэн, Улаанбаатар дээд сургуулийн ерөнхий захирал, профессор Чой Ки Хо, БНХАУ-ын Нийгмийн ШУА-ийн цөөнх тоот үндэстний утга зохиолын хүрээлэнгийн профессор Ж.Ринчиндорж, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Будда, Төвд, Монгол судлалын хүрээлэнгийн захирал, профессор  Б.В.Базаров нарын эрдэмтэд хүрэлцэн ирж монгол судлалын таван салбар хуралдаанд оролцож байна.

2011 он бол Монголчуудын хувьд түүхэн их тэгш ойнууд давхцан тохиосон эрхэм хүндэтгэлт жил. Ирэх жил  Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой тохионо. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Монголч эрдэмтдийн хурлыг нээж хэлэхдээ Монгол Улс 10 жил тутамд эдгээр түүхэн ойнуудаа хүндэтгэн тэмдэглэж байх болно гэжээ.

Үүнээс гадна АНУ-ын Индиана хотноо байрладаг “Монгол нийгэмлэг”-ийн 50 жилийн ой өнгөрсөн наадмын өдрүүдэд тохисон байна. Тус нийгэмлэг нэрт монголч эрдэмтэн Хангин Гомбожавын санаачилгаар 1951 онд Индианагийн Их сургуулийн дэргэд үүдээ нээж байжээ.

Энэ удаагийн Олон улсын Монголч эрдэмтний Х их хуралд уригдаж ирээд буй профессор Алисиа Кампи нь тус нийгэмлэгийн тэргүүн юм байна. Хэдхэн хоногийн өмнө Индианагийн Их сургуулийн Виттенбург танхимд “Монгол нийгэмлэг”-ийн 50 жилийн ой ёслол төгөлдөр болжээ.

Уг ёслолд “Монгол нийгэмлэг”-ийн гишүүд болох судлаачдаас гадна Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, доктор Х.Бэхбат, Элчин сайдаар ажиллаж байсан доктор Р.Болд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, доктор П.Увш, доктор М.Саруул-Эрдэнэ нарын албаны хүмүүс, судлаачид оролцсон байна.

Энэ үеэр “Монгол нийгэмлэг”-ийн Ерөнхийлөгч, доктор Алисиа Кампи, “Монгол нийгэмлэг”-ийн Удирдах зөвлөлийн дарга Кристофер Этвүд, Индианагийн Их Сургуулийн монгол хэлний багш Л.Цэрэнчунт нарыг Монгол судлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Алтан гадас” одонгоор, “Монгол нийгэмлэг”-ийн ажилтан Сюзи Дростыг Монгол-АНУ-ын харилцаанд оруулсан хувь нэмрийнх нь төлөө “Найрамдал” медалиар тус тус шагнасныг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар гардуулан өгчээ. 

                                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж