Хоёр Солонгосыг тусгаарласан цэрэггүй бүсээр дамжин Хойд Солонгосоос зугтсан цэргийг Өмнөд Солонгосын цэргийн эмнэлэгт шилжүүлэн, эмчилгээг үргэлжлүүлж буй талаар албаны хүн мэдэгдсэн байна.
24 настай У Чон-соныг өчигдөр /2017.12.15/ Сөүлийн өмнөд дүүрэгт байрлах Ажоу их сургуулийн эмнэлгийн гэмтлийн тасгаас БНСУ-ын цэргийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлжээ.
Биеийн байдал нь харьцангуй дээрдсэн тул цэргийн эмнэлэг рүү шилжүүлсэн, БНСУ-ын тагнуулын байгууллага ойрын хугацаанд түүнээс мэдүүлэг авахаар төлөвлөж байгаа гэж нэрээ нууцалсан албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Тэрбээр мөн “У Чон-сон хоёр удаа хүнд мэс засалд орсон. Өөр бусад хөнгөн зэргийн гэмтлүүд бий. Бүрэн тэнхрээгүй байгаа ч амь насанд халгүй, биеийн байдал нь тогтвортой байгаа” гэх мэдээлэл өгчээ.
“Зэвсэгт хүчний нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнууд цаашид У овогтод шаардлагатай эмчилгээ, сувилгааг хийх болно” гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
С.ЦЭЛМЭГ