SOS: Хожимдохоосоо өмнө ирээдүйгээ аваръя

Хуучирсан мэдээ: 2017.12.16-нд нийтлэгдсэн

SOS: Хожимдохоосоо өмнө ирээдүйгээ аваръя

SOS: Хожимдохоосоо өмнө ирээдүйгээ аваръя

Б.Хурцын томилгоо, О.Баасанхүү, Н.Энхбаярын хэрүүл, У.Хүрэлсүхийн халаа сэлгээнээс илүү бид хүүхэд залуусынхаа хүмүүжилд анхаарлаа хандуулах цаг болжээ. Улстөрчдийг эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө гүйдэл, суудлаа олохгүй хэрэлдэх хойгуур Монголын нийгэмд томоос том аюул нүүрлэж байна.

“Монгол Улсын хүн амын 35 хувь нь 15-34 насныхан байдаг. Харамсалтай нь, ДОХ-ын халдвар авсан иргэдийн 5,7 хувь нь 15-19 насных. Тэд ихэвчлэн бэлгийн замаар халдвар авдаг” гэж ‘Глобал сан’-гийн мэргэжилтэн М.Сэргэлэн ярьжээ. Зах замбараагүй бэлгийн харилцаа, залуусын биеэ авч явах байдал, ёс зүй хүмүүжил, хандлага, хар тамхины асуудалд төр засгаас дорвитойхон арга хэмжээ авахгүй бол цөөн хүн амтай Монголын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд том аранга болж болзошгүй байна.

Өнгө, мөнгөний төлөө нүдээ ухахаас буцахаа больсон Монголын нийгмийн хар өнгө нь хүүхэд залуучуудын хүмүүжил болж байна.Сүүлийн жилүүдэд ДОХ, бэлгийн замын өвчлөлөөр хүүхэд залуучууд тэр тусмаа 15-24 насныхан илүүтэй өвчлөх болсныг эмч мэргэжилтнүүд ярьдаг. Энэ насныханд ДОХ, бэлгийн замын өвчлөлийн тухай мэдээлэл багатай гэхээсээ замбараагүй нийгмийн алдаа гэж хэлэхэд буруудахгүй.

Халдварт судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээгээр ХДХВ-ын халдвар авсан иргэдийн 42 хувь нь 15-24 насныхан аж. ХДХВ-ийн халдвартай иргэдийн 81.1 хувь нь эрэгтэй, 18.6 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд халдвартай нийт эрчүүдийн 48 хувь нь гей, 31.1 хувь нь бисекс, 19.8 хувь нь гетеросеск, 0.9 хувь нь трансжендер хүмүүс болох нь судалгаагаар тогтоогджээ.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярын өнгөрөгч Мягмар гаригт Төрийн ордонд болсон “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганы үеэр тавьсан илтгэлдээ  Монголын хүүхэд залууст ямар аюул нүүрлэж буйн нотолгоо болсон. Тэрбээр “Хар тамхины аюул яг л хорт хавдар шиг өсч томорч байна. Хамгийн сэтгэл эмзэглүүлж байгаа нэг мэдээ бол энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдыг насны байдлаар авч үзвэл 17 нас буюу насанд хүрээгүй хүүхдийн тоо 2 дахин, 19-25 насны холбогдогч 37.8 хувиар, 26-35 насны холбогдогч 88.0 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 20.0 хувиар тус тус өссөн байна. Монголчууд аа, сэрэх цаг болжээ. Үр хүүхдээ, найз нөхдөө, өөрсдийгөө хар тамхины аюулаас хамгаалах үндэсний дархлааг бий болгох цаг нэгэнт болжээ. Өнөөдөр л бид ухаарч сэрэхгүй юм бол, хотлоороо үүний эсрэг нэгдэж тэмцэхгүй юм бол хожимдож мэдэхээр болчихоод байгаа’-г дурдсан юм. Зөвхөн энэ хоёр статистик л гэхэд Монголын нийгмийн бодит үнэлгээ. Гэмт хэрэгт өртөж байгаа хүмүүсийн дийлэнх нь мөн л залуучууд.

Үнэтэй гар утас барьж, нэртэй брэнд хөөж, тансаг амьдрал хөрөнгө мөнгийг чухалчилсан томчууд бидний алдаа хүүхэд залуусын амьдралд сөргөөр нөлөөлж буйг хаана хаана бодох цаг болсон мэт. Баяуудын хүүхдүүд нь хар тамхинд донтож, ядуусынх нь газ үнэрлэж амь насаа алдаж буй нь Монголын эмгэнэл болсон.

Гэхдээ гурван сая хүн амтай, хүн амынх нь дийлэнх болсон хүүхэд залуусын дунд дахь ДОХ, бэлгийн замын өвчлөл нэмэгдэж, хар тамхины хэрэглээ өдрөөс өдөрт  өсч байгаа нь дан ганц төрийн буруу гэхэд бас учир дутагдалтай. Энэ бол эцэг эх, төр засаг,  багш сурган хүмүүжүүлэгч гээд томчууд бүгд хамтраад зөв ирээдүйг бэлтгэх цаг болсны дохио.

Монголын баялаг бол монгол хүн. Хүнээ хөсөрдүүлсэн төрийн бодлого эргээд Монголын нийгэмд SOS зарлаж буйг эрх мэдлийн төлөөх тэмцэлд нүдээ ухаад өгөхөөс буцахаа байсан улстөрчид олж хараасай. Тавантолгой, Оюутолгойгоос өөрийг бодохоо байж, урвалт, шарвалт, ууж идэх, хулгай худлын дон болсон улстөрчид өөрсдийгөө эхлээд засахгүй бол томчуудын алдааны золиос нь хүүхэд залуучууд болох ёсгүй байлтай.

Хүн юу тарина түүнийгээ хурааж авна гэдэг. Монголын улстөр юу тарина, эдийн засаг, нийгмээсээ яг түүнийгээ л хурааж авна шүү дээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж