АНУ-ын Конгрессийн хоёр танхимын Бүгд найрамдах намын төлөөлөл ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан татварын шинэчлэлийн төслийг дэмжихээ илэрхийлсэн байна. Хуулийн төсөл батлагдсанаар сүүлийн 30 жилд байгаагүй татварын системийн томоохон өөрчлөлт болох юм.
Хуулийн төсөлд зааснаар АНУ-ын аж ахуйн нэгж, байгууллагад оноох татварын хувь хэмжээ 35 хувиас 21 хувь болж буурна. Харин иргэдийн татвар 39.6-гаас 37 хувь болж буурах юм.
Ерөнхийлөгч Доналд Трампын татвар бууруулах төлөвлөгөө ийнхүү эхний том даваагаа амжилттай давлаа гэж болно. Тэрбээр Зул сараас өмнө амжиж, хуулийн төслийг батлуулах санаатай байгаагаа илэрхийлж байсан юм.
Конгресс дахь Ардчилсан намын гишүүд Трампын боловсруулсан татварын реформ хийх төслийг нийгмийн зөвхөн чинээлэг бүлгийг дэмжиж, дундад ангийнханд үр өгөөж багатай гэж шүүмжилж байсан юм. Түүнчлэн татварын энэ шинэчлэл ирэх 10 жилийн хугацаанд үндэсний хэмжээний 20 их наяд ам.долларын өрийг 1.4 их наядаар нэмэгдүүлнэ гэж нам бус статустай Татварын хамтарсан хорооноос өчигдөр /2017.12.15/ мэдэгдсэн байна.
Бүгд найрамдахчууд Конгрессийн Сенатын болон Төлөөлөгчдийн танхимд аль алинд нь олонхийн байр суурьтай. Тэд татварын шинэчлэл хийх хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэж, санал хураах бололтой.
С.ЦЭЛМЭГ