Монголын үндэсний олон нийтийн телевизийн Хүүхдийн нэвтрүүлгийн албаны найруулагч Л.Ариунжаргалтай ярилцлаа. Тэрбээр өмнө нь богино хэмжээний хүүхдийн шилдэг нэвтрүүлгүүд, “Хэцүү анги”, “Хоймор өнжих нар” зэрэг олон ангит киног үзэгч олны хүртээл болгосон. Харин энэ сарын 25-ны өдрөөс эхлэн “Хавар” хэмээх олон ангит киног үзэгч олондоо толилуулах гэж байгаа аж. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
-Таныг тун удахгүй “Хавар” хэмээх телевизийн олон ангит киног үзэгчдийн хүртээл болгох гэж байгаа гэж сонслоо. Энэ талаар бидэнд танилцуулаач?
-Энэ удаагийн “Хавар” кино маань залуучуудад зориулсан хайр сэтгэл, амжилт, хичээл зүтгэлийг харуулсан 19 ангит кино юм. Одоо зураг авалтын монтажны хэсэгтээ явж байна.
-Эхлээд таныг найруулагч болох болсон шалтгааныг мэдмээр байна. Та хэзээнээс найруулагч болохоор шийдэв. Тэр дундаа хэзээнээс телевизийн бүтээл найруулах болсон бэ?
-Би өөрийгөө найруулагч болно гэж бодож байгаагүй. Соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөөд Монголын үндэсний олон нийтийн телевизийн Хүүхэд залуучуудын редакцид ажилд орж хүүхдийн зохиомж хийж эхэлсэн. Тэр үед сурагч багшийн хоорондын асуудлыг хөндсөн хүүхдийн кино хийх санаа төрөөд жүжигчин Б.Навчаатай хамтран “Хэцүү анги” киног хийж байлаа. Уг кино маань хүүхдийн кино боловч бүх насны хүмүүсийн сонирхлыг татсан бүтээл болсон. Үүний дараа “Хоймор өнжих нар” гэх гэр бүлийн бүх гүшүүдэд, тэр дундаа аав ээжүүдэд чиглэгдсэн киног хийсэн. Харин одоо хийж байгаа “Хавар” олон ангит киног илүү залуучууд, ойролцоогоор 14-30 насныхан түлхүү сонирхох болов уу гэж бодож байна.
-Кино бол хамтын бүтээл. Хамт олноо бидэнд танилцуулахгүй юу?
-“Хэцүү анги”-аас эхлээд “Хавар” олон ангит киног дуустал нэг л багийнхан маань хамтарч ажиллаж байна. Жишээлбэл, ерөнхий зураглаач Н.Нямсүхтэй киноноос гадна хүүхдийн нэвтрүүлэг, зохиомж, баримтат кино гэх мэт уран сайхны тавилттай олон бүтээл дээр хамтарч ажилласан. Уран сайхан гэдэг нь зөвхөн жүжигчний тоглолт ур чадвараас гадна болж байгаа үйл явдлыг гэрэл, өнгө, сүүдэр зэрэг зураглалаар илэрхийлдэг. Ж.Нямсүх маань мэргэжилдээ маш чадварлаг, телевизийн маань шилдэг зураглаач юм. Мөн дууны найруулагч Б.Цогзолмаа маань байхад би хэзээ ч дуу яаж байгаа бол, шум орсон байх вий дээ гэж санаа зовдоггүй маш найдвартай мэргэжилтэн юм. Бас эвлүүлгийн найруулагч Амартүвшин, залуу зураглаач Зол-Эрдэнэ, тайзны ажилтан Гантулга нартай хоёр ч кинонд хамтран ажиллаж байна.
-Кино хийх үед хоорондоо санал зөрөх үе цөөнгүй тохиолддог байх?
-Манай багийнхан олон уран бүтээл дээр хамтарч ажилласан учраас хувь хүн талаас нь нэгнийхээ ааш араншинг сайн мэддэг. Тиймээс хамтарч ажиллахад амар байдаг. Мэдээж маргалдах үе тохиолдоно. Тэр үед ярилцаад киногоо сайн болгох үүднээс шийддэг.
-Таны найруулсан кинонд хүчирхийлэл, гэмт хэрэг төдийлөн гардаггүй. Гэгээлэг зохиол сонгож кино хийдэг гэсэн үг үү?
-Хүүхэдтэй ажилладаг болоод тэр юм уу хэлж байгаа үг болгон цаанаа утга агуулгатай сургамжтай байгаасай гэж хүсдэг. Хүүхэд тэндээс муу зүйл битгий олж хараасай, үлгэр дуурайлал болоосой гэж боддог. Яахав олон ангит кинон дээр зарим зүйл нь орхигдох тал байдаг гэхдээ аль болох орхигдуулахгүйг хичээдэг. “Хавар” олон ангит киноны хувьд зохиол нь өөрөө гэгээлэг учраас ажиллахад амар байсан.
-Таныг “Хэцүү анги” олон ангит киног хийж байсан үеэс Монголд олон ангит кинонууд харьцангуй их хийгддэг болж. Бас энэ олон кинонуудаас “Хавар” олон ангит киноны ялгагдах онцлог нь юу вэ?
-Анх “Хэцүү анги” киног хийхэд олон ангит кино бараг хийгддэггүй байлаа. Тэр утгаараа хүмүүс сэтгэлээрээ тусалж мөнгөгүй байсан ч ажлаа бүтээх тохиолдол байлаа. Харин тэрнээс хойш кино хийх нь олшрох тусам хүмүүс залхаж объект, оффист зураг авахыг зөвшөөрдөггүй олдоц муутай болсон байна. Харин сайн тал нь олон кино гарч байгаа учраас өрсөлдөөн ихсэж байна. Үүнийг дагаад киногоо аль болох сонирхолтой хийхгүй бол болохгүй. Киноныхоо чанарыг илүү сайжруулна л гэсэн үг. Энэ удаагийн киноны хувьд бид нар илүү ритмлэг, залуучууд руу хандсан, хөнгөхөн байдлаар шийдсэн кино болох болов уу гэж харж байна. Зарим хүмүүст “Хавар” олон ангит кинонд гарах үйл явдал, эргэлт хэтэрхий хялбар хөнгөн шийдвэрлэгдэж байгаа юм шиг санаж магадгүй. Гэхдээ хүний амьдралд огт тохиолддоггүй зүйл бас биш байгаа юм л даа. Тэгэхээр энэ киноны маань гэгээлэг зүйл нь энэ дээр л гарч ирж байгаа юм.
-Та найруулагчийн хувьд кинонд ажиллахад хамгийн хэцүү зүйл нь юу байдаг вэ?
-Жүжигчин санаснаар минь тоглож чадахгүй байгааг харах л их хэцүү байдаг даа. Заримдаа жүжигчнийхээ өмнөөс өөрөө кинондоо тоглочихмоор санагддаг. /инээв/
-“Хавар” кино хэзээнээс телевизээр гарч эхлэх вэ?
-Манай кино 12 сарын 25-наас эхлээд МҮОНТ-ээр айл өрх бүрт хүрэх болно. Манай киног сонирхон үзээрэй.
Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.
За баярлалаа.
А.СҮРЭН