Засгийн газрын 2015 оны 509 дүгээр тогтоолоор баталсан “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийн 3.1.5.-д тусгасан зорилтод соёл, урлагийн салбарт оюуны өмч, зохиогчийн эрхийн талаарх сургалт, сурталчилгааг дэмжих, үндэсний болон олон улсын зах зээлд зохиогчийн эрхийг хамгаалуулах, борлуулахад хамтран ажиллахаар заасан.
Соёл, урлагийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран “Соёлын өвийн өмчийн эрхийн хамгаалал” уулзалт, ярилцлагыг 2017 оны 12-р сарын 18-ны өдрийн 09:00 цагт Засгийн газрын II байрны хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Уг уулзалтад соёлын өвийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн төлөөллөөс оролцох юм.
Соёлын өвийн өмчийн эрхийн хууль эрх зүйн ойлголтыг нэмэгдүүлэх, соёлын өвд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг өмчийн эрхээр баталгаажуулан үндэсний болон олон улсын зах зээлд сурталчлах, нийлүүлэх чадавхийг дээшлүүлэх нь энэхүү уулзалт, ярилцлагын зорилго юм.
Уулзалтанд “Соёлын өв, дүрслэх урлагийн бүтээлийг олон улсын үзэсгэлэнд зээлдүүлэх гэрээний асуудал” Ш.Батчимэг /Даатгалын эрх зүйч/, “Соёлын өвийг бүтээгдэхүүн болгох, түүний зохиогчийн эрхийн асуудал” : Д.Мягмардорж /ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн газрын дарга/, “Зохиогчийн эрхийн зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлага” Д.Эрдэнэчимэг /Хуульч, Отгонтэнгэр их сургуулийн багш/ нар илтгэл тавьж, харилцан ярилцах юм.
Эх сурвалж: Соёл, урлагийн газар