Нью Йоркийн нэгэн иргэнийг Исламын улс бүлэглэлийг санхүүжүүлэх зорилгоор биткойн худалдаж авсан болон цахим мөнгийг угаасан хэргээр баривчилжээ.
27 настай Зубия Шахаз гэгчийг залилан, мөнгө угаасан хэрэгт ял төлөвлөж байгаа бөгөөд батлан даалтад гаргахыг хориглосон байна. Шахаз нь Пакистанд төрсөн бөгөөд АНУ-д лабораторийн техникчээр ажиллаж байжээ.
Яллагчдын хэлснээр Шахаз цахим мөнгө биткойн худалдаж авахын тулд банкнаас 85,000 ам.долларын зээл хуурамч бичиг баримт бүрдүүлэн авчээ.
Цахим мөнгө биткойныг сүүлийн үед гэмт хэрэгтнүүд мөнгө угаах хэрэгсэл болгон ашиглах нь нэмэгдэж байгаа юм. Их Британийн засгийн газар ханш нь тэнгэрт хадаад буй биткойныг зохицуулах хуулийн төсөл боловсруулж байгаа юм. Шахаз долдугаар сард Пакистаны паспорт “олж”, тийшээ нисэх нислэгийн тийз захиалсан бөгөөд тэндээс Сири рүү гарахаар төлөвлөж байжээ.
Түүнийг Жон Кеннедийн олон улсын нисэх буудлаас баривчилсан байна. Баривчлагдах үедээ Шахаз 9,500 ам.доллар биедээ авч явжээ. АНУ-д хувь хүн 10,000 ам.доллараас дээш хэмжээний бэлэн мөнгө биедээ авч яваа тохиолдолд орлогоо заавал мэдүүлэх ёстой ажээ. Цахим шуудангаас нь түүнийг Исламын улс бүлэглэлтэй холбоотой хайлт олон удаа хийснийг тогтоосон байна.
Мөнгө угаасан болон банк луйвардсан хэргээр Шахаз 20-30 жил шоронд хоригдож магадгүй. Өмгөөлөгчийнх нь хэлснээр тэрбээр мөнгийг Сирийн дүрвэгсдэд хандивлах гэж байсан гэнэ.
Эх сурвалж : BBC