Ээж, аавын маань зургийг авсан залуу зугтчихсан

Хуучирсан мэдээ: 2017.12.15-нд нийтлэгдсэн

Ээж, аавын маань зургийг авсан залуу зугтчихсан

Ээж, аавын маань зургийг авсан залуу зугтчихсан

“Эвий дээ, ор олдохгүй эмнэлэгт их хүйтэн байна” гээд хөгшнийхөө гарыг атган дулаацуулж сууна” хэмээх иргэн Д.Ганбаяр өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн нь олныг ихэд бухимдуулаад байна. 

Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр ирсэн ахмад настанг үнэхээр хүлээн авах ор байсангүй юу. Энэ талаар тодруулахаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорин очлоо.

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг

Тус эмнэлгийн том хүн хэвтэн эмчлүүлэх тасаг зургаа, долдугаар давхарт байрладаг аж. Эмч мэргэжилтнүүдээс хоёр буурайг сураглахад “Фэйсбүүкээр цацагдсан тэр зураг хүмүүст ташаа ойлголтыг төрүүлж, шуугиан дэгдээгээд байна. Ачаалалтай байгаа энэ үед бидний ажлыг хүндрүүлээд, энгийн иргэд хүртэл эмнэлэг дээр ирж, загнаж байна” хэмээх тайлбарыг өглөө. 

Ахмад настанг цагийн дараа өрөөнд оруулсан

Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг

Ингээд тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзоригтой уулзахад “Өчигдөр орой 17:30 цагийн орчимд манай эмнэлэгт хатгалгаатай өндөр настан түргэн тусламжаар ирсэн. Оройн цагаар эмнэлгийн ачаалал их байдаг учраас орны зохицуулалтын асуудал үүсдэг. Ахмад настанд нэг өдөр ч гэсэн эмчилгээ хийх хэрэгтэй гээд хэвтэн эмчлүүлэх тасаг руу гаргасан. Энэ хооронд ар гэрийнхэн нь орны цагаан хэрэглэлээ авч ирэхээр явцгаасан юм. Тэгээд л хүүхдүүд нь ирж, цагийн дараа палат руугаа оруулж хэвтүүлсэн. Гэтэл тухайн үед дэргэдэх мэдрэлийн тасагт хэвтэж байсан хүн ийм мэдээллийг сошиалд тавьсан юм билээ. Фэйсбүүкт нийтэлсэн ийм ташаа мэдээлэл нь ачаалалтай энэ үед эмч, ажилтнуудын ажилд хүндрэл учруулж байна. Тухайн иргэн өөрөө тэр хүнийг палат руу орсныг мэдсээр байж ийм мэдээлэл тавьсан байсан. Өглөө эмчтэйгээ уулзахгүй, шууд эмнэлгээс гараад явчихсан байна лээ” гэв.

Тус эмнэлгийн хувьд хүүхдийн тасаг ачаалал ихтэй байсан бөгөөд хоёр давхрын мэдрэлийн тасгаа түр хааж, хүүхдийн тасаг болгожээ. Ингэснээр хоёр, дөрөв, тавдугаар  давхарт хүүхдийн тасаг, зургаа, долдугаар давхарт том хүмүүс хэвтэн эмчлүүлж байв. 

“Үр хүүхдүүд болон эмч, эмнэлгийн ажилчдыг энгийн иргэд загнаж, доромжилж байна. Зөвхөн лайк цуглуулахын тулд ингэж хүмүүсийн зөвшөөрөлгүй зураг дарж, хүмүүст ташаа ойлголт өгч болохгүй шүү дээ. Манай байрны хөрш хүртэл “Танай аав, ээжийг эргэх хүн байхгүй юм уу” гээд өглөө эрт цай хоол авч ирж өгсөн гэсэн” гээд эмээгийн бэр нь гэх бүсгүй ярилаа. 

Ингээд болсон явдлын талаар эмээгийн охин С.Цэцэгхоролоос тодрууллаа. 

С.Цэцэгхорол: Ээж, аавын маань зургийг авсан залуу зугтчихсан

С.Цэцэгхорол

-Ээж нь өчигдөр хэдэн цагийн үед Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ирсэн бэ?

-Ээж маань өчигдөр /2017.12.14/ орой 17:00 цаг өнгөрч байхад түргэн тусламжийн машинаар Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Дүүргийн эмнэлэгт ирэхэд эмч, сувилагчид “Ор байна уу” гээд дээшээ, доошоо гүйлдэцгээсэн юм. Би өөрөө эмнэлгийн байгууллагад ажилладаг хүн учраас эмнэлгийн ачааллыг сайн мэднэ. Тэгээд бид анхны тусламжаа аваад, дээшээ хэвтэх тасаг руу гаргана гэсэн. Тэгээд ээжийгээ аавтайгаа үлдээчихээд, хөнжлийн даавууг нь аваад, аяга шөл хийхээр гэр рүүгээ явсан. Энэ эмнэлгийн эмч, сувилагчид ээжийг маань хүлээж аваад, сайхан үйлчилсэнд баярласан. Улсын эмнэлгүүд чадлаараа л өвчтөнүүдээ хүлээн авдаг. Даанч боломж бололцоо нь болдоггүй шүү дээ.

-Ээж нь нас сүүдэр хэд хүрч байгаа вэ. Биеийнх нь байдал хэр байна?

-Манай ээж одоо 87 настай. Ээж маань хараа муутай. Бараг хардаггүй юм. Бид ээж, аавыгаа үргэлж эргэж тойрч, эм тариаг нь авч өгдөг. Ээж маань хоёр уушгиндаа хатгаатай учраас бид эмнэлгийн байгууллагад хандсан. Одоо ээж маань дүүргийнхээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд нэг хоносон. Биеийнх нь байдал сайжирч байна. 

-Сошиалд тавигдсан зургийн талаар яаж мэдэв. Зураг авсан хүнийг таних уу?

-Өнөө өглөө боссон чинь БНСУ-д ажиллаж, амьдардаг хүүхдүүд маань утсаар “Ээжээ юу болоод байгаа юм бэ. Эмээ өвдсөн юм уу. Эмээ, өвөөгийн зураг интернэтээр цацагдаад байна шүү дээ” гэж ярьсан. Тэр сошиалд зураг тараасан залуу өчигдөр биднийг эмнэлэгт ирэхэд үүдэнд зогсож байсан юм билээ. Өнөөдөр ээж, аавдаа хоол цайг нь хүргэж өгөөд, тэр залуутай уулзах гэсэн чинь зугтаад алга болчихсон байсан. 

Харин иргэн Д.Ганбаяраас яагаад ийм зураг өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн талаар тодруулахад арай өөр хариултыг өгч байв.

“Сувилагчийг гуйж эмээг өрөөндөө оруулсан”

Д.Ганбаяр “Би сошиалд зураг тавихдаа үр хүүхдүүдийг нь буруутгаагүй. Харин тухайн эмнэлгийн сувилагчийн зан ааш, харилцааг л харуулахыг хүссэн юм. Миний хэвтэж байсан зургадугаар палат дотор хоёр, гурван ор хүнгүй байхад тэр эмээг оруулахгүй, өвчтөнүүдээ хольж болохгүй гэсэн. Тэр эмнэлгийн коридор ямар хүйтэн байгаа билээ. Эмнэлгийн палат дотор хэвтэн эмчлүүлж буй хүмүүс хүртэл хоёр давхар хөнжил нөмөрч унтаж байхад настай хүнийг тоохгүй байсан юм. Гэхдээ тэр эмээ коридорт удаагүй л дээ. Манай өрөөний нэг ахтай хамт “Манай палат руу оруулчихаач” гэж сувилагчийг нь гуйж байгаад өрөөндөө оруулсан. Тэр тайлбараа ч өөрийн фэйсбүүктээ бичсэн байгаа. Эмнэлгийн дүрэм журамдаа болдоггүй байх л даа. Гэхдээ миний хувьд хүний эрүүл мэнд чухал гэдэг үүднээс фэйсбүүктээ зургийг нь нийтэлсэн юм” гэв.

Гэрэл зургийг Н.Батмөнх
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж