Ажлын, ангийн, аймгийн, сумын, гэрийн гээд монголчууд сэгсийтлээ, сэнсэртлээ шинэ жилдээд сэрсний маргаашаас хэтэвчин дэх хэдээсээ төрдөө илүүчилнэ. Яагаад гэж үү? Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс гурван төрлийн татвар нэмэгдэж байгаа. Гэхдээ нөгөө л ачааны хүндийг үүрч явдаг шударга татвар төлөгчид үүнд хамгийн түрүүнд өртөж буй. Учир нь 1.5 саяас дээш цалинтай бол шинэ жилийн маргаашаас бусдаасаа илүү татвар төлөх хууль үйлчилнэ. Эдийн засгийн хямралаас гаргах бодлогын хүрээнд татварын шатлалтай хууль хэрэгжүүлснээр төсвийн орлого 50 гаруй тэрбумаар нэмэгдэнэ гэж Сангийн яам тооцсон. Ийм хэмжээний мөнгийг төрийн албан хаагчдад тараахаар энэ оны төсвийн тодотголд суулгаж өгсөн бөгөөд Засгийн газар шинэ оны сюрприз болгохоор тооцож суугаа байх. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх шинэ засгийн бодлого нэг иймэрхүү.
“Илүү олсон нь илүү төл”. Энэ бол шударга зарчим гэж Монголын төр дахиад л “поп”-роод эхэлж. Мэдээж, сарын 900 мянган төгрөгийн дундаж цалинтай монголчуудын дийлэнхэд таалагдах байх л даа. Олонх нь энэ татварын нэмэгдэл надад хамаагүй гэж одоо бодож суугаа ч биз.
Харин шударга зарчим ярьж шударга татвар төлөгчдөөсөө илүүг нь нэхэж суугаа У.Хүрэлсүхийн засгаас асуухад төрийн халамж, үйлчилгээ болгоныг хамгийн түрүүнд хүртдэг ч олсноосоо огт татвар төлдөггүй бүлгээсээ хэзээ татвар авах вэ?
Монголд огт татвар төлдөггүй ч эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйлчилгээ авахын зэрэгцээ, тэтгэмж, тэтгэвэрт хамрагдаж, хүүхдийн мөнгийг бусдын адил хүртэж явдаг чинээлэг бүлэг бий. Мянгат малчид, машины ченжүүд, “Нарантуул”-ын наймаачид, томоохон зах худалдааны төвийн түрээслэгч хийгээд түрээслүүлэгчид, лам хуварга, бөх, дуучид. Тэд бол шинэ цагийн том хөрөнгөтнүүд болсон.
Малчид ядуу гэсэн хоцрогдмол ойлголтоосоо Монголын төр хэзээ салахыг үнэндээ таашгүй. Гэвч, хот дүүрэн хоньтой, тал дүүрэн үхэртэй, хөндий дүүрэн адуутай, Улаанбаатарт байртай, сумдаа байшинтай, аймагтаа хаустай шинэ цагийн хөрөнгөтнүүд татвар огт төлөхгүй ч та бидний төлсөн мөнгөөр хүүхдээ сургаж, биеэ эмчлүүлж, тэтгэврийн мөнгө авч, бас болоогүй өвс тэжээлээ бэлтгүүлчихэж байна. Зуд турхан, халдварт өвчнөөр алдсан малаа татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн төлүүлдэг. Энэ нь манай төрийн яриад байгаа шударга зарчим, шударга хуваарилалт мөн үү?
Хэрэвзээ олсныхоо хэмжээгээр татвар төлөх нь шударга юм бол төлснийхөө хэрээр эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйлчилгээг илүү авах нь бас шударга байлтай. Гэтэл эсрэгээрээ малчид, уяачид л төрийн үйлчилгээг бусдаас илүү авдаг.
Монгол Улс 70 сая орчим малтай. 150 мянга гаруй малчин өрхтэй. Тэд улсад огт татвар төлдөггүй. Тиймээс малчдаас малын хөлийн татвар авъя. Малын хөлийн татвар авснаар жилдээ 70 орчим тэрбум төгрөг төвлөрнө гэсэн тооцоо ч байдаг. Хамгийн багаар буюу нэг малаас жилдээ 1000 төгрөгийн татвар авахаар тооцвол шүү дээ.
Авсан татварыг нь орон нутгийнх нь хөгжилд, бүр адаглаад малыг нь эрүүлжүүлэхэд, өвс тэжээл бэлтгэхэд зарцуулъя. Ингэвэл малчид хариуцлагатай ч болно, монгол мал ч эрүүлжинэ. Зун намаржингаа хурдан морь хөөж, айраг цагаа эргүүлж, найр наадам хэсчхээд өвөлдөө өвс тэжээлээ төрөөс нэхээд суугаад байдаг малчдын аягт бид хэдийнэ дасчээ.
Дээр нь машины ченжүүд, “Нарантуул”-ын наймаачид, зах дэлгүүрийн түрээслэгчид, сүм хийдэн лам нар бас бөхчүүп гэж татвар огт төлдөггүй хүмүүсийн далд эргэлдэж байгаа хэдэн зуун тэрбум төгрөгөөс татвар авбал төсвийн орлого хэдэн зуун саяар өснө.
Хүүгийн маань авсан үлгэрийн номд нэг ийм үлгэр байдаг. Илжиг, морь хоёр байжээ. Эзэн нь илжигтээ бүх ачаагаа үүрүүлээд, морио хөтлөөд явж байж. Гэтэл илжиг нь ачаанаасаа хуваалцахыг мориноос хүсч. Морь тоосонгүй. Ачаагаа даалгүй илжиг нь үхэж, мориндоо эзэн нь хамаг ачаагаа ачдаг. Гэвч ахиад морь нь үхчихдэг. Үлгэр ингэж дуусдаг. Үлгэрийн гол санаа нь эзэн нь морь, илжиг хоёртоо ачаагаа тэнцүү хуваагаад ачсан бол морьтойгоо ч, ачаатайгаа ч үлдэх байж. Яг манай засаг төрийн бодлоготой их л ойролцоо юм дагуу даа, болдогсон Сангийн сайдад уншиж өгмөөр.
Тиймээс хэн шударгаар татвар төлсөндөө илүү их ачаа үүрүүлэх биш ачаагаа эн тэнцүү үүрүүлэх татварын реформыг хийх хэрэгтэй. Ачааны ард үлдчихэд, татвар төлөгчдийн мөнгөөр угжуулдаг хандлагыг өөрчилье. УИХ-ын 76 гишүүний дийлэнх нь хөдөөнөөс сонгогдсон, мөн парламентад мянгат малчид цөөнгүй байдгаас малын хөлийн татварыг сэргээе гэж хэн ч дуугардаггүй бас санаачилга гаргадаггүй. Үнэндээ өнгөрсөн хугацаанд нэг хэсгийг нь төрөөс бодлогоор эрхлүүлээд, нөгөө хэсгийг нь бодлогоор дарамталж ирсэн. Тиймээс татварын бодлогоо цогцоор өөрчилж, бүх хүн татвар төлдөг болгох бодлого хэрэгжүүлье.
Өөрчилье, хийе гэсэн хүнд хурдан морины наймаа, газрын худалдаа, өв залгамжлалын гээд татвар авах үй түймэн арга байна. Хэн яаж харах ямар бодлого хэрэгжүүлэхээс л шалтгаалж байгаа болохоос. Татвар төлдөггүй бүлгээсээ татвар аваад эхэлбэл уг нь Монгол Улсын эдийн засагт асар том дэмжлэг болно. Гээд шинэ засгаас татварын ямарч том бодлого хэрэгжүүлнэ гэсэн хүлэлэт алга даа.
Ж.ЭРХЭС