Орос, Хятад, Монголын эдийн засгийн коридор байгуулах асуудал гацаанд байна

Хуучирсан мэдээ: 2017.12.15-нд нийтлэгдсэн

Орос, Хятад, Монголын эдийн засгийн коридор байгуулах асуудал гацаанд байна

Орос, Хятад, Монголын эдийн засгийн коридор байгуулах асуудал гацаанд байна

“Монгол, Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2017.12.15/ боллоо. Энэхүү хуралд Монгол, ОХУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан протоколын дагуу хамтарсан судалгааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа хурал юм байна. Монгол, ОХУ-ын хамтын ажиллагааг яаж цаашид сэргээж, хөгжүүлэх вэ гэдгийг эрдэмтэд хэлэлцэж байгаа юм байна.

Монгол Улс 1990 оноос өмнө ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаа өргөн байсан бол одоо гадаад худалдаа, экспортын 70 орчим хувийг зөвхөн БНХАУ эзэлж байна. Тиймээс цаашид Монгол Улс хоёр хөрштэй харилцах эдийн засгийн хамтын ажиллагааг ижил түвшинд хүргэх, уул уурхайгаас бусад салбарт ОХУ-ын талтай хэрхэн хамтран ажиллах талаар эрдэмтэн, судлаачид судалгааны материалуудаа танилцуулж байна. Монгол Улсын гол нэрийн бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортолж буй. Тиймээс ОХУ-д хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн нийлүүлэлт хийх замаар эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтойг эрдэмтэд онцолж байлаа. Монгол Улсын импортод 30 хувь, экспортын нэг хувийг ОХУ эзэлдэг юм байна. Хурлаас гарсан үр дүнг эрдэм шинжилгээний бүтээл болгон хэвлүүлэх юм байна.

МУИС-ийн ОУХНУС-ийн зөвлөх дэд профессор, доктор Б.Санжмятав:

МУИС-ийн ОУХНУС-ийн зөвлөх дэд профессор, доктор Б.Санжмятав

-Монгол Улс уламжлалт хөрштэйгөө хамтын ажиллагаагаа яаж хэвийн байдал оруулах асуудал дээр хоёр улсын эрдэмтэд, Гадаад харилцааны яам, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд нэгдэж ярилцаж байна. Хоёр талын эрдэмтэд хэд хэдэн удаа хамтарсан эрдэм шинжилгээний хурал хийж, саналаа боловсруулан судалгаа гаргана. Өнгөрсөн хугацаанд бид дотоод ардчиллыг хэрэгжүүлж, зах зээлийн эдийн засагт шилжих явцад улс төрийн хувьд ОХУ-аас зайгаа барьж эхэлсэн. Үүнээс бүх зүйл эхэлсэн байдаг. Түүнээс гадна ОХУ-ын эдийн засаг хүндрэлд орж, мөнгө БНХАУ-д л байсан. Тиймээс бид өмнөд хөрш рүүгээ хөтлөгдсөн байдаг. ОХУ-ын зүгээс БНХАУ, Монгол, ОХУ гэсэн эдийн засгийн коридорыг байгуулж, хоёр орны дунд хавчигдсан биш Монгол давуу талтай болно гэдгийг ойлгох хэрэгтэйг сануулж байна. Түүнийг бид яаж ашиглах вэ гэдгийг судлаач, эрдэмтэд ярилцаж байна. Ер нь бол гурван улсын хамтын ажиллагаанд дэвшил гарч байгаа. Өмнө нь гурван орны гадаад хэргийн яамдын газрын дарга нар уулзаж хамтын ажиллагааг ярьдаг байсан бол дэд сайд нар ярилцдаг болсон. Харин Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамтын ажиллагааны механизмыг шинэ түвшинд гаргах үүднээс гурван төрийн тэргүүнү нар уулзаж, шийдвэр гаргасан байдаг. Гурван орны хамтын ажиллагааны хүрээнд нийт 32 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, түүнийг хэрэгжүүлэхээр Улаанбаатарт Хөрөнгө оруулалт, судалгааны төвийг байгуулахаар тохирсон. Цаашид бид эрдэмтэд онол, улс төрийн гол үзэл баримтлалыг гаргаж, гурван улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна. ОХУ-ын зүгээс уул уурхайгаас бусад салбарын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч байна. 

Гурван улсын эдийн засгийн коридорын бэлтгэл ерөнхийдөө хангагдсан байгаа юм байна. Ялангуяа БНХАУ-ын талаас төмөр зам, дэд бүтцээ байгуулж эхэлсэн. ОХУ, Монгол хоёр улс ямар зохион байгуулалтаар цааш явах вэ гэдэг асуудлаа ярилцаж байгаа гэнэ. Мөн гурван улсын эдийн засгийн коридор байгуулах асуудлыг төрийн дээд түвшинд шийдвэр гарсан ч төрийн дунд болон доод шат буюу хэрэгжүүлэгч шатанд гацсан байгааг зарим эрдэмтэд онцолсон. Төрийн гурван өндөрлөгийн уулзалтаас гарсан тохиролцсон концепцийг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулдаг төрийн нэгж байхгүй байгааг ч шүүмжилж байлаа. Гурван улсын эдийн засгийн коридорыг байгуулахад Монгол Улс  ашигтай гэдгийг хоёр улсын эрдэмтэд онцлов. Гэхдээ Монгол Улсын хувьд геополитикийн болон улс төрийн ач холбогдлоо тодорхой болгож, яаж оролцох вэ гэдэг байр сууриа тодорхой болгох шаардлага байгааг ч сануулсан юм. БНХАУ болон ОХУ-ын тал Монголыг дайруулахгүйгээр эдийн засгийн коридор байгуулж болно гэх мэдээлэл их гардаг. Гэвч үүнийг эрдэмтэд үгүйсгэж байгаа юм.

Судлаач, доктор, профессор А.Даваасүрэн:

Судлаач, доктор, профессор А.Даваасүрэн

-Нийгэмд ОХУ, БНХАУ хоёр Монголыг тойроод эдийн засгийн коридороо байгуулах боломжтой гэдэг зүйлийг ярьдаг. Энэ бол ямар ч боломжгүй зүйл. Дэлхийн хэмжээнд найман коридор байдаг бөгөөд түүний хоёр нь Монголыг дайран өнгөрөхөөс ямар ч боломжгүй. БНХАУ, Пакистан улстай эдийн засгийн коридор байгуулсан, тэр нь дэлхийн жишиг гэж ярьж байна. Энэ бол нэг л коридор нь. Монголоор дайран гарах хэрэгцээ бий. Яагаад гэвэл БНХАУ өнөөдөр өргөжин тэлж, бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд гаргах шаардлагатай байгаа. Монголгүйгээр энэ хоёр хөрш эдийн засгийн коридор байгуулах боломж тун бага.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж