Байгаль орчноо хамгаалах нь хүний эрүүл мэндийн төлөө зөв ажил мөн

Хуучирсан мэдээ: 2017.12.15-нд нийтлэгдсэн

Байгаль орчноо хамгаалах нь хүний эрүүл мэндийн төлөө зөв ажил мөн

Байгаль орчноо хамгаалах нь хүний эрүүл мэндийн төлөө зөв ажил мөн

Байгаль орчны сайдаар 1996-1998 онд ажилласан профессор, доктор Ц.Адъяасүрэнтэй ярилцав.


Монгол Улсад Байгаль орчны яам байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд болж байна. Энэ яам анх хэрхэн байгуулагдсан талаар тодорхой мэдэх хүний нэг Та мөндөө?

-1972 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын ээлжит чуулганаар анх удаа манай орны байгаль орчны асуудлыг хэлэлцэж, ШУА-ын Ерөнхийлөгч Б.Ширэндэв гуай илтгэл тавьсан байдаг. Тэр үеэс дэлхий нийтэд байгаль орчны асуудалд анхаарлаа илүүтэй хандуулах болжээ. Мөн онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс санаачлан  “Байгаль орчин, хөгжил“ олон улсын бага хурал хуралдуулж, Дэлхийн хэмжээнд байгаль орчныг хамгаалах хөтөлбөрийг (UNEP) баталж, тогтвортой хөгжлийн асуудлыг мөн анх удаа дэвшүүлэн тавьсан түүхтэй юм.  

БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 169 дүгээр зарлигаар “Байгаль орчныг хамгаалах яам” байгуулах шийдвэр гаргасан нь дотоодын болоод дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан ирээдүйгээ зөв харсан төрийн бодлого байв. Ой модны аж үйлдвэрийн яам, Ус цаг уурын албаны удирдах ерөнхий газрын суурин дээр  тус  яамыг үүсгэн байгуулж, анхны  сайдаар геологич У.Мавлетыг томилсон.  Энэ яаманд Хөдөө аж ахуйн яамны Газар ашиглалтын алба, Ус ашиглалтын алба, мөн Барилгын яамны Уул техникийн хяналтын албыг төвлөрүүлэн манай улсад анх удаа байгаль орчны нэгдсэн тогтолцоо бий болгож, төрийн хяналт, улмаар байгалийн баялгийн ашиглалт, хамгаалалт, мониторингийн асуудлыг нэгтгэн  зохион байгуулж, төв, орон нутагт салбараа нээх,  байгалийн нөөцийг эдийн засгийн үнэлгээтэй болгох зэрэг гол асуудлуудыг хамарсан олон ажлыг дэс дараатай явуулж эхэлсэн байдаг.

Дэлхийн хэчнээн оронд Байгаль орчны яам байдаг вэ?

Дэлхийн 160 гаруй оронд Байгаль орчны яам байна. Улс орон бүрийн онцлогоос хамаараад байгаль орчны чиглэлийн бусад аль нэг нөөцийн асуудалтай хамтруулан нэрлэсэн ч бий. Манайд одоо Байгаль орчин, аялал жуулчлалын яам хэмээн нэрлэж, аялал жуулчлалын бодлогод байгаль орчноор дамжуулан  ач холбогдол өгч байна л даа.

Байгаль орчны яам өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай орны  хөгжилд ямар эерэг  нөлөө үзүүлсэн гэж боддог вэ?

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд байгаль орчныг хамгаалах чиглэлээр ихээхэн бодит ажлууд хийсний заримаас нь тоймлон дурдвал, төрийн хамгаалалттай газар нутгийн сүлжээ үүсгэж, хойч үедээ газар нутгаа өвлүүлэх,  усны сав газрын менежмент бий болгох, ус хамгаалах талаар орон нутгийн иргэдийн оролцоо, санаачлагыг дэмжих, үйлдвэр, аж ахуйн газрын байгаль орчны менежмент бий болгох, улмаар тэдэнд хариуцлага хүлээлгэх, тогтвортой хөгжлийн цогц асуудлыг шийдэх, ногоон хөгжил, эдийн засгийн хэмнэлт, байгалийн бүх төрлийн нөөцийг өртгийн үнэлгээтэй болгох, байгалийг ашиглагч нь хамгаалах, бохирдуулагч нь төлбөр төлөх, ой модны экспортыг татварын механизмаар бүрэн зогсоох, экосистемийн өгөөжийн тооцоо, судалгаа гаргах,  ан амьтдыг хамгаалах, тахийг эх нутагт нь дахин нутагшуулах, мазаалай баавгай, ирвэсийг хамгаалах,  уур амьсгалын өөрчлөлт нь бодит зүйл болохыг нийгэмд ойлгуулах,  хүлэмжийн хийн тооллого бүртгэл явуулах, сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл хэрэгжүүлэх зэрэг олон зүйлийг онцлон хэлж болно.

Таныг Байгаль орчны сайдаар ажиллаж байхад ямар тулгамдсан асуудлууд байсан бэ?

-Миний өмнө тус яамны сайдаар төрийн ажлын их туршлагатай У.Мавлет, доктор З.Батжаргал хоёр ажиллаж, яамны бүтэц, бодлогыг тогтвортой удирдаж ирснийг тэмдэглэх хэрэгтэй. Гэхдээ нийгмийн тогтолцоо шинэчлэгдэж, байгаль орчны холбогдолтой хууль, дүрэм, журмыг олон улсын гэрээ, хэлэлцээртэй нийцүүлэн засаж сайжруулах олон асуудлуудыг яамны хамт олны хүчээр шинэчлэн хийж гүйцэтгэсэн. Ардчилал, зах зээлийн зохицуулалтад нийцүүлэх, эдийн засгийн шинэтгэл, байгалийн нөөцийн менежмэнтийг улам боловсронгуй болгох үндсэн чиглэлд нийцүүлсэн юм. 1996 онд озон задлах бодисын тооллого анх удаа хийж, озоны давхаргыг хамгаалах талаар ихээхэн амжилт олсон.

Химийн хорт бодисын аюулаас сэрэмжилсэн арга хэмжээнүүдийн эхлэлийг тавьж, тухайлбал, олон улсын хэмжээнд илүү анхаарал хандуулж байсан Стокольмын конвенц, Роттердамын конвенцийн олон улсын гэрээнд орох бэлтгэлийг хангаж, хожим энэ гэрээнд нэгдсэн. Цэвэр үйлдвэрлэл, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжсэн ажлуудын суурийг  эхэлж тавьсан гээд одоо ажил хэрэг болсон олон асуудал бодит биеллээ олсныг өнөөдөр би хийсэн гээд яах вэ, харин манай үе үеийн ажил хэрэгч хамт олны хичээл зүтгэл байсныг тэмдэглэх нь зөв биз ээ.

Та саяхан Канад улсад болсон Монреалын протоколын 30 жилийн ойн арга хэмжээнд уригдан оролцоод ирлээ. Хол явсан хүнээс үг сонс гэдэг дээ?

-Канад улсын Монреаль хотноо Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенцийн Талуудын 11 дүгээр бага хурал, Озон задалдаг бодисын тухай Монреалийн протоколын Талуудын 29 дүгээр бага хурал болон Монреалийн протоколын 30 жилийн ойн арга хэмжээ хамтдаа болж, дэлхийн 198 орны элч төлөөлөгчид энэхүү арга хэмжээнд оролцлоо. Олон том үйл явдлууд зэрэг болж өнгөрөв.

Энэ үеэр Монреалийн протоколыг хэрэгжүүлэх талаар 30 жилийн дотор олсон ололт амжилтыг нэгтгэн дүгнэж, мониторингийн үнэлгээ хийлээ. Алс хэтийн болон ойрын ирээдүйд хийж гүйцэтгэх ажлын чиглэлээ тодорхойлов. Тухайлбал, дэлхийн дулааралд нөлөөтэй бодисын хэрэглээг өөр төрлийн орлуулах бодисоор солих асуудлаар тусгай хуралдаан хийв.

Мөн энэ салбарт гарч байгаа техник, технологийн дэвшлийг харуулсан үзэсгэлэн гаргаж, БНХАУ, Энэтхэг зэрэг улс тус үзэсгэлэнд тусгай булан байгуулан оролцож, өөр өөрийн орны нэг өдрийн арга арга хэмжээг зохион байгууллаа.

Таныг тус хуралдаан дээр  үг хэлсэн гэж сонссон?

-Тиймээ, дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээнд үг хэлж, Монгол улсынхаа байр суурийг илэрхийлэх нь манай улсын нэр хүндийн асуудал шүү дээ. Би дэлгэрэнгүй үг хэлж, нэгдсэн болон олон салбар хуралдаанд оролцлоо.

Монреалийн протокол нь дэлхийн хүн төрөлхтний хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болж байна. НҮБ-ын хүрээнд Монреалийн протоколоос өөрөөр дэлхийн улс орнууд түүхэндээ ингэж харилцан ойлголцож, нэгдэн нягтарч хамтран ажиллаж байсангүй. Бид хамтдаа ямар ч саад бэрхшээлийг давж, эрхэм  зорилгоо  биелүүлж чадахын үлгэр жишээ загварыг бий болгож чадлаа.

Нийгмийн харилцаанд 30 жил бага хугацаа боловч манай гарагийн 7 тэрбум гаруй хүмүүс бид өмнөө тулгараад байгаа “аюул занал”-ыг илүү сайн ухамсарлан ойлгож, өнгөрсөн хугацаанд зүй зохисгүй буруу хэрэглээгээ өөрчилж, эдийн засаг, технологийн дэвшилд олон зүйлийг амжуулж,  ирээдүйгээ өөдрөгөөр харах боломжийг нээсэн нь давуу тал юм.

Эхний үед “СFС”  төрлийн бодисыг дэлхийн хэмжээнд  зогсоох нь амаргүй зорилго санагдаж байсан боловч дэлхий нийтийн бүх улс үндэстнүүд харилцан ойлголцож, үр бүтээлтэй хамтран ажиллаж чадсанаар энэ зорилтыг  амжилттай, бүтээлчээр  хэрэгжүүлсэн. Гэхдээ дараагийн шатны зорилтоо бас умартаагүй давхар бодолцож, хэтийн төлөвөө зөв тодорхойлов. Ингэсээр озоны давхаргад халтай бүх төрлийн бодисуудын үйлдвэрлэл, хэрэглээг өнөөдөр бараг 99 хувь халж чадаад байна.

Хэдэн мянган жилийн төрт ёсны түүхтэй, эрх зүйт төрийн уламжлалтай Монгол улс байгаль орчны салбарын олон улсын бүхий л гэрээ, хэлэлцээрүүдийг амжилттай хэрэгжүүлэх талаар ихээхэн хүчин чармайлт тавьдаг орон билээ. Монреалийн протоколын хэрэгжилтийг хангах талаар Монгол Улсын Засгийн газар байгаль орчны эрх зүйн шинэчлэл хийж, дотооддоо озон задалдаг болон дэлхийн дулааралд нөлөөтэй бодисуудыг импортлох, ашиглах талаар квот, зөвшөөрлийн тогтолцоог нэвтрүүлэн мониторинг, хил, гаалийн хяналтыг үр бүтээлтэй хэрэгжүүлж чадсанаар Монреалийн протоколыг бүхий л  үе шатанд нь амжилттай хэрэгжүүлж байгааг тэмдэглэхэд таатай байна. Манай улс цаашдаа ч Монреалийн протоколыг хэрэгжүүлэх талаар бүс нутаг, дэлхийн хэмжээнд манлайлан ажиллах зорилт тавьсан болно.

Та одоо байгаль орчныхоо ажлыг хийсээр л  байна уу?

-Тэгэлгүй яахав. Би өглөө ажилдаа заншсан ёсоор 7.30 цагт ирж, өдөржин сууж ажилласаар орой 20.00 цаг орчим гэрийн бараа хардаг. Өдрийн турш компъютер шагайж суусаар байгаад ч тэр юм уу цагийн аясаар нүдний хараа муудаж байна. Нүд юм үзэхгүй болж, ухаан санаа муудах хүртлээ байгаль орчныхоо төлөө зүтгэнэ. Байгаль орчны салбарын хүний нөөцийг гайгүй шиг бүрдүүлэхэд тус дэм болох, байгаль орчны үнэлгээний ажлыг эрчим хүчний салбар  тэр тусмаа сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү нэвтрүүлэх, хүн төрөлхтөнд аюул занал даллаад байгаа  озоны давхаргыг хамгаалах, нөхөн сэргээх, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйлсэд бага ч гэсэн хувь нэмэр оруулахыг хичээж сууна даа.

БОАЖЯ-ны Озоны үндэсний албыг үндсэндээ нуруундаа үүрч байгаа нь дэлхий нийтийн үйл хэрэг, хүний эрүүл мэндийн төлөө буянтай ажил тул эцсээ хүртэл зүтгэсээр байх болно. Мөн Монголын орныхоо хамгийн үнэ цэнэтэй баялаг усны нөөцийг эх нутагтаа хуримтлуулж үлдээх талаар судалгааны ажлаа үргэлжлүүлж, өөрийн амьдрал, ажил үйлсийн тухай 40 гаруй жил хуримтлуулсан дурсамжийн номоо бичиж байна.

Та Байгаль орчны ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Маш өөдрөгөөр харж байна. Байгаль орчны яам, түүний бүх салбарын ажиллагсад, хамтран түншлэгч нар бол хүний эрүүл орчныг хадгалан хамгаалж үлдээхийн төлөө хамгийн гэгээлэг, хүнлэг ариун үйлсийг бүтээгчид юм. Байгаль орчныг хамгаалах нь эх орноо хамгаалж байгаа, цаашлаад эх дэлхийгээ хамгаалж байгаа ариун үйл хэрэг мөн. Манай яам залуу сайдтай болсон залуу хүн шинээр сэтгэж, хамт олныхоо тус дэмээр улам ихийг хийж бүтээх биз ээ гэж хүлээж байна.

Ярилцсан Г.СУМЪЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж