УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын санаачлагаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой хэлэлцүүлэг Төрийн ордонд болов.
Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн А.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын өмгөөлөгч Г.Баянбилэг, Дамирангийн Энхбатын эгчийнх нь охин Э.Хулан, Дамирангийн Энхбатын эхнэрийнх нь дүү С.Мөнхчимэг, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид, Баянгол дүүргийн татварын хэлтсийн дарга асан Д.Энхбат хүмүүс оролцов.
Харин Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож байгаа тул энэ хэлэлцүүлэгт оролцоогүй аж. Хэлэлцүүлгээр Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын өмгөөлөгч Г.Баянбилэг мэдээлэл өгөв.
Тэрбээр “Б.Хурц манай үйлчлүүлэгчийг гүтгэхийн төлөө бүхий л арга хэмжээ авсан. Д.Цогтбаатарт холбогдох хэрэг дээр ажилласан прокурор, шүүгч бүгд тушаал дэвшсэн. Мөн арваннэгдүгээр сарын 20-нд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо Д.Цогтбаатар нь шалгаж байсан хэргийнхээ эзэн холбогдогчийн хэрэглэж байсан гар утас, машин унасан гэж гүтгэсэн” гэв.
Харин Дамирангийн Энхбатын эгчийнх нь охин Э.Хулан, Дамирангийн Энхбатын эхнэрийнх нь дүү С.Мөнхчимэг нар “талийгаачийн нэр төрийг сэргээж, түүний ар гэрийнхнээс Б.Хурц болон Монголын төр уучлалт гуйх ёстой” гэжээ.
Баянгол дүүргийн татварын хэлтсийн дарга асан Д.Энхбат “Би 14 сар хоригдсон, энэ хугацаанд надад гүйцэтгэх ажиллагаа явуулсан” гэлээ. Баянгол дүүргийн татварын хэлтсийн дарга асан Д.Энхбатын хэлж байгаагаар, Б.Хурцын эхнэрийн “Сарнайх”компани нь Баянгол дүүргийн татварын хэлтэстэй харилцдаг байсан. “Сарнайх” компани зарим борлуулалтаа татварт тайлагнаагүй. Энэ асуудалтай холбогдуулж, татварын байцаагчийн акт гарсан. Тус актыг Б.Хурц өөрөө ирж гардаж авсан. Ингээд 239 сая төгрөгийн өрийг барагдуулах ажлыг би хариуцаж хийсэн. Бид “Сарнайх” компанийн дансыг нь хааж, өдөр бүр тус компанийн орлогыг авдаг байсан. Үүнээс үүдэж Б.Хурц надад өс зангидсан гэдгээ өөрөө хэлсэн” гэв.
Мөн Б.Хурц 20 сая төгрөгөөр обьект худалдаж аваад, 490 мянган ам.доллараар зарсан тухай асуудал бий. Энэ асуудлыг АТГ шалгаад, Татварын ерөнхий газарт татвар төлсөн эсэхийг шалгуулахаар өгсөн. Ингэхэд Б.Хурц татварын байцаагч н.Жаргалд нөлөөлж 1,4 сая төгрөгийн акт тавиулсан гэж Баянгол дүүргийн татварын хэлтсийн дарга асан Д.Энхбат хэлэв.
Ийнхүү хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн иргэд байр сууриа илэрхийлэв. Хэлэлцүүлгийн төгсгөлд дүгнэлт гаргаад, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нийтэд танилцуулах аж.