“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадам эхлэхэд 56 хоногийн хугацаа үлдлээ. Олимпийн эрх авахын төлөө Монгол Улсын цана, тэшүүр, биатлоны тамирчид олон улсын цуврал тэмцээнүүдэд оролцож байгаа билээ. Тэгвэл энэ удаа тэшүүрийн тамирчид олимпийн эрхийн төлөөх өрсөлдөөнийг Канад болон АНУ-ын цуврал тэмцээнд хийсэн ч хараахан эрхээ авч чадсангүй.
АНУ-ын Юта мужийн Солт-Лэйк хотноо тэшүүрийн дэлхийн IV дэх цомын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тус тэмцээнд дасгалжуулагч Д.Энхбаяр удирдлагад Я.Зоригтбаатар өрсөлдлөө.
Олимпийн эрх авах цуврал тэмцээнд амжилттай оролцож байгаа Я.Зоригтбаатар эрэгтэйчүүдийн 1000 метрт 1 минут 11.89 секундын амжилтыг үзүүлж, олимпийн эрх биелүүлэхэд 1 секунд 3 доль дутлаа. Түүний хувьд өмнө нь Канадад болсон дэлхийн цомд оролцохдоо 500 метрт улсынхаа рекорд амжилтыг 36.33 секундээр шинэчлэн тогтоосон юм. Тэгвэл АНУ-д болсон тэмцээнд олимпийн эрхийн норм биелүүлэхэд ойрхон байлаа.
Үүнээс өмнө Канадад болсон тэмцээнд эмэгтэйчүүдийн 500 метрт А.Зул насанд хүрэгчдийн рекордыг гурван удаа шинэчлэн тогтоосон. Түүний хувьд 500 метрт 41.42 секунд гүйж, олимпийн эрхийн нормативаас 2 секунд 5 доль дутсан юм.
Энэ жил 18 настай Я.Зоригтбаатар, 22 настай А.Зул нар олимпийн эрх олгох цуврал тэмцээнүүдэд оролцсоор байна. Гэхдээ Монгол Улсын тамирчдын хувьд ирэх оны нэгдүгээр сард цуврал тэмцээнд оролцох боломж байгаа.
Энэ удаагийн цуврал тэмцээнд оролцсон Монголын багийн ахлагчаар Б.Бат-Оргил ажилласан байна.