"Цэнхэр оймстууд"-ын орц

Хуучирсан мэдээ: 2017.12.15-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

Энэ удаагийн “Шинэ ном“ булангаараа Гранд сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч М.Уранчимэгийн “Цэнхэр оймстууд” номын тухай танилцуулж байна.  

Аливаа номыг унших, ойлгож унших хоёр тэс өөр өнцгүүд. Номыг шимтэн, ойлгож унших бүр дурладаг нэгэн байхад, өөрт хэрэгцээтэй зүйлээ авах нэгэн ч бий. Ном бүр өөр өөрийн өнгө төрх, орц найрлагатай. Бид энэ удаагийн булангаараа ‘Цэнхэр оймстууд’ номын орц, найрлагыг онцлохыг хичээлээ. Монголын Сэтгүүлзүйн салбарт шинэ өнгө төрхийг бүрдүүлсэн, “Гранд” сэтгүүл долоон жилийнхээ 100 дахь дугаараа өлгийдөн авсан цаг саяхан. Сэтгүүлийнхээ ойгоор М.Уранчимэг эрхлэгч нэгэн содон өнгө төрхийг уншигчдадаа барьсан юм. ‘Цэнхэр оймстууд’ гэх содон нэрийг яагаад өгөх болов, юуг илтгэж байна гэх вэ том асуултын тэмдэг үлдээсэн энэхүү ном уншигчдын хүртээл болоод багагүй хугацаа өнгөрч байгаа ч ном сонирхогчдын ширээний номны нэг болсон гэнэ лээ. Товчхондоо ‘Цэнхэр оймстууд’ ном бол “Гранд” сэтгүүлийн долоон жилийн түүх, 100 дугаарт гарч байсан шилмэл ярилцлага, хөрөг, эссе нийтлэлүүдээс бүрдсэн утга зохиолын нэгэн шинэ өнгө.

Цэнхэр оймстууд гэж хэн бэ?

Цэнхэр оймстууд гэдэг нэр бол бидний хувьд шинэ боловч дэлхийд хуучин үг. Гэхдээ үеийн үед нийгмийг, соёлыг түгээгч, нийгэмд нөлөөлөгч эмэгтэйчүүдийн бүлгэм бүхий цэнхэр оймстууд өнөөдрийг хүртэл бий. Тэд өөрсдийн дуу хоолой, үйл ажиллагаагаа соёл урлаг, оюун санаагаар чиглүүлж явдаг элитүүд юм. Монголын нийгэмд ч өнөөдөр ийм нөлөө бүхий элитүүд үеийн үед байсаар ирсэн. Чухамд зохиогч өөрийн оршин буй нийгэмдээ элитүүдийг илүү тод харуулж, тэднийг нийгэмд таниулах том алхмаа эхлүүлсний тод илрэл нь “Цэнхэр оймстууд” ном юм.  Зохиогчийн өөрийнх нь тодорхойлсноор “XVII зууны Европын тэр дундаа Францын язгууртны нийгэмд үүссэн соёлын нэг хэлбэр. Язгууртны хүрээлэл дэх оюун санааны элитүүд наадаж наргих мөн үзэл санаагаа хуваалцах зорилгоор үе үе нэгнийдээ цуглаж урлаг, утга зохиол, соёл улс төрийн талаар яриа өрнүүлдэг байсан. Олон ч алдартай салонууд тэр үед нээгдэж, нийгмийнхээ оюун санааны амьдралд маш олон талаар нөлөөлсөн байдаг. Салонуудаас Европын алдартай зохиолчид, улс төрчид, гүн ухаантнууд ч төрөн гарсан гэж үздэг. Тэднийг цэнхэр оймстуудын нийгэмлэг гэж бас нэрийддэг байсан. Салоны соёл хүчтэй дэлгэрсэн XVII зуунд цэнхэр оймстны нийгэмлэг гэдэгт эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс хамрагддаг байсан. Гэтэл XVIII зуунаас өнөөг хүртэл цэнхэр оймстон гэж зөвхөн оюунлаг, боловсролтой эмэгтэйчүүдийг тодорхойлдог нэршил болсон нь салоны соёлыг дээдсийн хүрээний үзэсгэлэнтэй, нэр нөлөө бүхий, хөрөнгөлөг, боловсрол мэдлэгтэй эмэгтэйчүүд анх дэлгэрүүлсэнтэй холбоотой юм билээ. Товчхондоо нийгмээ оюун санааны тухайд түүчээлж, чиглүүлж явдаг оюун санааны элитүүдийг цэнхэр оймстууд гээд байгаа юм.Номонд ярилцлага нь орсон ноёд, хатагтай нар бүгд салбар салбартаа хийж бүтээсэн, хүлээн зөвшөөрөгдсөн оюун санааны элитүүд” гэж тодотгожээ. Энэ бүхнийг нийгэмд ойлгуулах гэж оролдож, зүтгэсэн зохиогч өөрөө ч цэнхэр оймстууд гэдгийг энд тодотгох нь илүүц биз ээ.

ХӨРӨГ

-Сэтгүүл зүйн салбарт хүнийг хэн гэж тодотгох, бас тэр хүнийг өөр өөр өнцгөөр харуулж, ойлгуулж чаддаг төрөл бол хөрөг нийтлэл. Зохиогчийн хувьд өнгөрсөн долоо жилийн хугацаанд Монголын улс төр, нийгмээс шүүрч авсан цэнхэр оймстууд болох хөргөөр ном эхэлнэ. Ингэхдээ шигтгээ болгож эмэгтэйчүүдээ шигтгээ болгож оруулсан нь уншигчдын сонирхлыг илүү ихээр татахуйц.

ЯРИЛЦЛАГА

-Нийгэмд цаг үе даган гол дүрүүд тодорч, бүдгэрсээр байдаг. Чухам ийм л тодрол, бүдгэрлийг цаасан дээр үлдээхийн тулд сэтгүүл зүйн салбарт ярилцлага хэмээх том төрөл бий. Хэн нэгэнд яриагүй, хэлээгүй тэр нууцыг ил болгох, уйлуулж бас дуулуулж чадах тийм гоё төрөл болох шилдэг ярилцлагуудаар ном өрнөнө. Хамгийн урд ярилцлага өгч, өөрийгөө нээж байгаагүйгээрээ нээсэн туршлагатай, хатуу самар болох Ц.Нямдоржоос эхлээд урлаг, улс төр, бизнесийн гээд салбар бүртээ онцгойрогчдыг зохиогч яриулж чадаж. Өнгөрсөн долоо жилийн хугацаанд маш олон ярилцлага хийсэн ч зөвхөн 44 ярилцлага сонгосон нь цаанаа учиртай. Ярилцлага бүр нь гэхээс илүү ярилцагч нь өөрөө нийгэмд, салбар бүртээ тодорч чадсан, үлгэр дуурайл болсон ярилцлагуудыг Цэнхэр оймстуудад багтаажээ. Чухам ингэж түүвэрлэж байж номын утга агуулга илүү их мэдрэгдэх шиг.

ЭССЕ

-Эссе бичлэгийн төрөл бол сэтгүүл зүйн салбарын гэхээс илүү бичиг үсэгтэй хүн бүрийн тэрэлж болох төрөл. Гэхдээ М.Уранчимэг эссе, нийтлэлүүд соён гэгээрүүлэх, түүхий соёлтнуудыг нийгэмд түгээх үндсэн агуулгатайгаараа ялгарна. Өөр хэн ч түүнээс илүү сонгодог урлаг, утга зохиол, уран зураг гээд бидний мэддэг хэрнээ мэддэггүй тэр л салбарыг өөрийн бүтээлдээ илүү тод, энгийнээр дүрсэлсэн учраас зөвхөн элитүүд сонгодог урлаг ойлгодог гэх ойлголтыг тэрээр үгүйсгэж чадсан нь энэ номыг бас нэг онцлог.

Төгсгөлийн оронд

Зохиогчийн сонгосон ярилцлага, хөрөг, эссенүүд нь салбар салбартаа хийж бүтээсэн, хүлээн зөвшөөрөгдсөн оюун санааны элитүүдийг сонгож, цаашид ч элит байх, нийгмийг чиглүүлэх үүргээ биелүүлэх түлхэц болж буйг энэ тодотгоё. Өнөөдөр нийгэмд юу болохгүй байгаа, юу таалагдаж байгаагаа үл хамаарч бидний эргэн тойронд өөр өөрсдийн хувь нэмрээ оруулж, бусдыгаа түүчээлэгчид буюу цэнхэр оймстууд улам олуулаа болж, хамтдаа гэгээрэхсэн. Номын хуудас бүрийг эргүүлэхдээ том утга болох нийгмийг чиглүүлэгч, элитүүд олон болох тэр л агуулга уншигч бүрт үлдээсэй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж