Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр сэтгүүлчийн биед халджээ

Хуучирсан мэдээ: 2017.12.15-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр сэтгүүлчийн биед халджээ

Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр сэтгүүлчийн биед халджээ

Арайхийн сэргэж байгаа БНСУ болон БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх учиртай байсан хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр таагүй зүйл болжээ.

Хятадад айлчилж буй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ-инийг дагалдан яваа хэвлэл, мэдээллийн багийн гишүүнийг Хятадын хамгаалалтын албаныхан хүч хэрэглэж, биед нь халдсан байна. Энэ хэрэг өчигдөр /2017.12.14/ Бээжин хотноо болсон эдийн засгийн хамтын ажиллагааны арга хэмжээний үеэр болсон гэж Korea Times мэдээллээ.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам энэ асуудлаар Хятадын талд хандаж, дээрх хэргийг мөрдөн шалгахыг хүссэн байна. Тэр дагуу Хятадын тал өчигдөр оройноос мөрдөн байцаалтыг эхлүүлжээ. 

Гэрчийн мэдээллээр, Хятад-Өмнөд Солонгосын эдийн засаг, худалдааны түншлэлийн арга хэмжээний үеэр өчигдөр 10.56 цагт БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ-ин дотоодын компаниудын үзэсгэлэнг сонирхож байх зуур энэ явдал болжээ. Мүн Жэ-ин хамгаалалтын албаныхны хамт танхимаас гарах үед Хятадын аюулгүйн албаныхан Өмнөд Солонгосын сурвалжлагч, гэрэл зурагчдын замыг хашсан байна. Сэтгүүлчид ерөнхийлөгчийг дагалдаж явах учиртайгаа хэлж, хамгаалагч нартай маргалдах үед “Хангуг Ильбо” сонины гэрэл зурагчин Ко Ён-квоныг хамгаалагчид чангааж, хувцасных нь захнаас татан шалан дээр унагааж, дарсан гэнэ.

Ко овогт хэсэг хугацаанд шалан дээр хэвтсэн бөгөөд энэ үйл явдлыг дурандаа буулгасан өөр нэгэн гэрэл зурагчны камерыг хурааж авсан байна. 

Тэрхэн зуур болж өнгөрсөн энэ явдлын дараа сэтгүүлчдийг танхимаас гарахыг зөвшөөрсөн боловч өөр танхим руу орох үед сэтгүүлчид биеийн байцаалт, мандатаа үзүүлсэн ч өөр хамгаалагч нар тэднийг дотогш нэвтрүүлэхээс татгалзжээ.

Maeil Business News сонины гэрэл зурагчин И Чун-вү энэ мэт байдалд таагүй хандаж, эсэргүүцлээ илэрхийлэхэд хамгаалагч нар түүнийг холдуулаад бүчин авч, хэд хэдэн удаа цохисон гэнэ. Нэг хамгаалагч нүүр рүү нь өшиглөсөн гэж гэрч ярьжээ. Тэднийг зогсоохыг оролдсон Өмнөд Солонгосын талын Хөх ордны ажилчдыг огт ойшоогоогүй гэнэ.

Энэ үед Өмнөд Солонгосын хамгаалалтын багийнхан ихэнх нь байгаагүй, ерөнхийлөгчийг дагалдан явсан байжээ. 

Хятадын хамгаалагч нарт зодуулсан хоёр гэрэл зурагчныг Бээжин дэх Дьяоюйтай төрийн зочдын өргөөнд хүргэж, эмнэлгийн тусламж авсан байна. 

Ко овогт гэрэл зурагчны нуруу нь өвдсөн, харин И овогтын нүд нь хөхөрч, хамраас нь цус гарсан гэж гэрчүүд ярьжээ. Дараа нь түүнийг эмнэлэгт хүргэж, компьютерт томографи болон соронзон резонанс томографи шинжилгээнд хамруулсан гэж Хөх ордноос мэдэгдсэн байна.

Сэтгүүлчдийн биед халдсан хамгаалагч нар цагдаагийн алба хаагчид байсан уу, тухайн арга хэмжээнд хөлсөөр ажиллуулсан хувийн хамгаалалтын албаныхан байсан эсэх нь тодорхойгүй байна. 

Болсон хэрэг явдалд Өмнөд Солонгосын засгийн газар таагүй хандаж буйгаа илэрхийлээд, дипломат шугамаар Хятадын талд гомдол мэдүүлжээ. 

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж