УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна.
Дээрх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү гаргасныг гишүүдийн 69 хувь нь дэмжив.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимоор хэлэлцэх шаардлагын талаар дараах үндэслэлийг гаргасан юм. Тэрбээр “Б.Хурц өмнө нь Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Хуралдааныг нээлттэй явуулахаар улсын нууцтай холбогдох олон асуудал гарч ирж байгаа. Өмнө нь бид нээлттэй асуудлыг хэлэлцээд дэлхийн шившиг болсон” гэсэн юм.
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мөн байр суурь нэг байгаагаа илэрхийлж, санал хураахад олонх нь дэмжлээ.
ЭМД-ын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томилов
Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарыг томилов.
Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээс Б.Чойжилсүрэн, А.Цогцэцэг, Н.Номтойбаяр нарыг чөлөөллөө.
Г.ДАРЬ