Путин: Би өрсөлдөгчөө өөрөө бэлдэх хэрэг үү?

Хуучирсан мэдээ: 2017.12.15-нд нийтлэгдсэн

Путин: Би өрсөлдөгчөө өөрөө бэлдэх хэрэг үү?

Путин: Би өрсөлдөгчөө өөрөө бэлдэх хэрэг үү?

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр сэтгүүлчидтэй уулзаж, шууд ярилцлага өрнүүлдэг. Энэ жилийн шууд ярилцлага өчигдөр /2017.12.14/ Москвагийн цагаар 12.00 цагт эхэлж, гурван цаг хагас үргэлжилсэн юм. Тэр юу ярив. 


Би өрсөлдөгчөө өөрөө бэлдэх хэрэг үү?

Ноён Путин ‘Би өнөөдөр улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн голлох үзүүлэлтийг танилцуулна. Бас өөр юм ч бий’ хэмээн шууд ярилцлагаа эхлүүлсэн ажээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хамгийн эхний асуултыг ‘Говорит Москва’ радиогийн залуу сэтгүүлч тавив. Тэрбээр Путин яах гэж Ерөнхийлөгчийн ирэх сонгуульд өрсөлдөх гэж байгаа болон Оросын төлөө юу хийж чадах эсэхийг тодруулсан юм. 

‘Улс төрийн систем уян хатан байх ёстой. Эдийн засаг өндөр технологи дээр суурилсан байх хэрэгтэй. Надад сонгуулийн өмнөх мөрийн хөтөлбөр бий. Мөрийн хөтөлбөр маань дэд бүтцийн хөгжил, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд суурилсан. Энэ бүхэн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдэх ёстой” гэж Путин хариулжээ.  

Харин хоёр дахь асуултыг Life сайтын сэтгүүлч асуув. Тэрбээр ОХУ-д яагаад хоёр дахь лидер байхгүй гэж, танд уйтгартай санагдахгүй байна уу гэв. 

ОХУ-ын төрийн тэргүүн энэ асуултад хариулахдаа ‘Энэ танхимд Путин ‘байбай’ гэсэн зурагт хуудас байна. Алив уур амьсгалыг жаахан ч болтугай хурцатгая’ гэжээ. Энэ үеэр Татарстаны сэтгүүлч зурагт хуудас дээр бичигдсэн ‘байбай’ гэсэн үг бол татар хэлнээс орчуулахад ‘өвөө’ гэсэн утгатай шүү. Бидний хойч үе таныг ингэж нэрлэдэг юмаа хэмээн Ерөнхийлөгчийн үгийг засчээ. 

Үүний дараагаар, Путин сэтгүүлчдийн тавьсан хэд хэдэн асуултад хариулсан билээ. 

Тэрбээр ‘Би өрсөлдөгчөө өөрөө бэлдэх хэрэг үү. Улс төр, эдийн засгийн орчин тогтвортой мөн өрсөлдөөнтэй байх хэрэгтэй. Яагаад сөрөг хүчин эрх баригчдад бодит өрсөлдөөн санал болгохгүй байгаа юм бэ. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Орос улс өөрийн гэсэн онцлогтой болсон. Гэхдээ 90-ээд оны хүмүүс өмнө нь юу болсон, дараа нь юу болох зэргийг харьцуулан харж чадахгүй байна. Үүнийг би тодруулья. 2000 оны эхнээс ОХУ-ын ДНБ 75 хувь, аж үйлдвэрлэл 70 хувиар тус тус өссөн. Бодит хөдөлмөрийн хөлс 3.5 дахин, тэтгэвэр 3.6 дахин өссөн. Нялхсын эндэгдэл 2.7, харин эхийн эндэгдэл 4 дахин буурсан үзүүлэлт гарсан. Мөн дундаж наслалт 65-аас 73 болж өссөн. Бид арван жил иргэний дайны нөхцөлд амьдарлаа. Сөрөг хүчин талбай дээр жагсаал цуглаан хийж, эмх замбараагүй байдал үүсгэхийн оронд ард түмний хүсэл, бодит асуудал, шийдвэрийг санал болгох хэрэгтэй’ гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2018 оны сонгуульд нэр дэвшиж буй хөтлөгч Ксения Собчак

Владимир Путин 2001 оноос хойш жил бүр сэтгүүлчидтэй шууд ярилцлага хийдэг. Энэ удаагийн уулзалтад уламжлалт ёсоор ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2018 оны сонгуульд нэр дэвшихээ зарлаад буй хөтлөгч Ксения Собчак хүрэлцэн ирсэн байв. Тэрбээр ‘Би оросуудын төлөө байна. Өнөөдөр залуучууд бүгд бэлтгэгдсэн. Хэнийг ч өсгөж, хүмүүжүүлэх хэрэггүй’ гэв. 

Үүний хариуд Путин ‘Сөрөг хүчин ойлгомжтой, амбицтай хөтөлбөртэй байх ёстой. Өнөөдөр та нар бүхний эсрэг гэсэн уриатай явж байна. Энэ чинь ойлгомжтой мөрийн хөтөлбөр гэж үү дээ. Та нар Саакашвилитай адил арав гаруй хүн улс төрийн нөхцөл байдлыг тогтворгүй, хурцадмал байдалд хүргэхийг хүсч байгаа юм уу. Ард түмэн үүнийг чинь хүсэхгүй гэдэгт би итгэлтэй байна’ гэжээ. 

Мөн энэ үеэр Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн ирэх 2018 оны сонгуульд бие даан нэр дэвшихээ мэдэгдсэн юм. 

Гурван цаг хагас орчим үргэлжилсэн энэ удаагийн шууд ярилцлагын үеэр Путин ихэвчлэн эдийн засгийн асуултад хариулт өглөө. 

‘Эдийн засаг өсч байна. Гайхалтай баримт. Өнөөдрийн байдлаар, ДНБ-ий өсөлт болон аж үйлдвэрлэл 1.6 хувьтай байна. Автомашин болон химийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй энэ жил гурван хувиар өснө. Бид түүхэндээ байгаагүй их хэмжээний ургац хураасан. Үр тарианы экспортоор бид дэлхийд тэргүүлж байна. Бидний хөгжил дотоодын эрэлт дээр тулгуурласан. Төсвийн алдагдал буурч, Сангийн яам бага зардлаар асуудлыг шийдэж байна’ гэв. 

ГЕОПОЛИТИКИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Шууд ярилцлага эхлээд цаг гаруйн хугацаа өнгөрч байхад иргэд геополитикийн асуудлыг хөндөж эхлэв. Сэтгүүлчид Путин Дональд Трампыг хувь хүний хувьд хэрхэн дүгнэдэг, мөн түүний хэрэгжүүлж буй ажлын талаар ямар бодолтой явдгийг сонирхов.

‘Хувь хүний хувьд бид бие биенээ нэрээр нь дууддаг. Харин Трампын ажлыг би дүгнэхгүй ээ. Энэ бол АНУ-ын ард түмний хийх ёстой ажил. АНУ-ын зах зээл өсч байна. Энэ бол хөрөнгө оруулагчид эдийн засагт нь итгэж буйн хэрэг. Өнөөдөр Трамп эрүүл мэндийн хамгаалалд шинэчлэл хийж чадахгүй байна. Мөн тэр ОХУ-тай харилцаагаа сайжруулж чадахгүй байгаа. Гэхдээ би Орос, АНУ-ын ард түмний ашиг сонирхлын гол асуудлыг шийднэ гэж найдаж байна’ гэв. 

Үүний зэрэгцээ, ‘ОХУ зэвсэг үйлдвэрлэлд хэт шунахгүйгээр аюулгүй байдлаа хангаж байна гэв. Өнөөдөр ОХУ-ын батлан хамгаалахын зардал ДНБ-ын 2.8 хувьтай нь тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, 46 тэрбум ам.долларыг батлан хамгаалах салбарт зарцуулж байгаа ажээ. Гэтэл АНУ энэ салбартаа 700 тэрбум ам.доллар зарж байна. Бид энэ их хэмжээний мөнгийг гаргах боломжгүй. Өнөөдрийн зардал бидэнд хангалттай. Нэг хошин яриа байдаг даа. Тэнгисийн цэргийн офицер асан хүүгээсээ хутга хаана байна вэ? гэж асуужээ. Хүү хутгаа цагаар сольчихсон гэтэл эцэг нь тэгвэл маргааш хулгайч ирээд аав, ээж, эгчийг чинь алчихна. Харин тэр үед чи Москвагийн цагаар 7 цаг 00 минут болж байна гэж хэлэх хэрэгтэй’ хэмээн Владимир Путин хошигнов. 

Путины шууд ярилцлагын үеэр AP агентлагийн сурвалжлагч Солонгосын хойгийн нөхцөл байдал болон бүс нутаг дахь хурцадмал байдлыг тогтворжуулахад ОХУ ямар үүрэгтэй оролцож байгаа талаар тодруулжээ.

Хариуд нь Путин ‘Та нар хачирхалтай хүүхдүүд шүү. Танай конгрессын гишүүд, сенаторууд гоёмсог костюм өмсөөд, маш ухаантай хүүхдүүд шиг харагдаж байгааг анзаарахгүй байна уу. ОХУ-ыг өнөөдөр яг БНАСАУ болон Ирантай адилхан нөхцөл байдалд та нар л аваачсан. Тэгсэн хэрнээ Трамп биднийг Солонгосын хойгийн асуудлыг шийдэхийг ятгаж байна. Та нар галзуураагүй биз’ гэжээ.

Гэхдээ танхим дүүрэн сэтгүүлч дундаа зөвхөн хоёр сэтгүүлч л шуугиан тарьж чадсан юм. Энэ нь Украины асуудал болон Саакашвилитай холбоотой асуулт байв.

‘Саакашвили Гүрж болон Украины ард түмэн рүү нулимж байна. Тэр чинь Гүржийн Ерөнхийлөгч байсан хүн шүү дээ. Гэтэл өнөөдөр тэр би украин хүн гээд гудамжинд орилоод явж байна’ хэмээн Путин хэлжээ. Энэ үеэр танхимд байсан хүмүүс алга ташилтаар Ерөнхийлөгчөө ‘магтлаа’. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин шууд ярилцлагын дараагаар эх орны дайнд оролцсон баатруудад зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох байсан тул энэ удаагийн ярилцлага удаан үргэлжилсэнгүй ээ. Шууд ярилцлага гурван цаг хагас орчим үргэлжилсэн. Тэрбээр 2008 онд сэтгүүлчидтэй уулзахдаа дөрвөн цаг 40 минут ярилцаж, 106 асуултад хариулсан удаатай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж