Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны төгсгөлд зохион байгуулдаг “World masters” тэмцээн ирэх амралтын өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотод болно. 200 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд жин тус бүрийн чансааны тэргүүн 16 бөх оролцдог уламжлалтай. Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтанхсүх, Г.Хэрлэн, 73 кг-д Г.Одбаяр, Д.Хадбаатар, 81 кг-д Г.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 100 кг-д Г.Алтанбагана, +100 кг-д Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдээс 48 кг-д М.Уранцэцэг, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар барилдана.
IJF-ийн жин тус бүрийн шилдэг тамирчид урилгаар оролцдог тус тэмцээнд “World masters” тэмцээнд дэлхийн олон тамирчид хойд хөршид очоод байна. Тэдний дунд олимп, дэлхийн аварга, медальтнуудаас гадна домогт жүдочид ч багтсан юм.
Монгол Улсын жүдочид энэхүү тэмцээнд амжилттай оролцдог. 2010 онд С.Миярагчаа /60 кг/ түрүүлж байсан бол 2011 онд Х.Цагаанбаатар /66/, 2012 онд С.Миярагчаа, 2013 онд Д.Сумъяа /эмэгтэй 57/, С.Ням-Очир /73/, 2015 онд М.Уранцэцэг, Д.Сумъяа нар аваргалж байсан юм. Мөн өнгөрсөн онд Мексикийн Гвадалахара хотод болоход Д.Сумъяа түрүүлж, Д.Төмөрхүлэг, Г.Одбаяр мөнгө, Д.Амартүвшин хүрэл медальтай ирж байсан. “World masters” тэмцээнээс Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа гурав, Гавьяат тамирчин С.Мияарагчаа хоёр, С.Ням-Очир, М.Уранцэцэг, Х.Цагаанбаатар нар нэг удаа түрүүлсэн юм.